Хоёр өдрийн хугацаанд баавгайтай холбоотой 62 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Хоёр өдрийн хугацаанд баавгайтай холбоотой 62 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Энэ сарын 10–11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн, малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс Завхан аймгийн есөн суманд 46 тохиолдол бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гурван тохиолдолд баавгайг аюулгүй болгожээ. Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлагын дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явууллаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл батлагдаагүй.

Улсын тусгай хамгаалалттай газруудад зургаан дуудлага бүртгэгдэж, байгаль хамгаалагчид эргүүл, хяналт хийж байгаа аж. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох байгууллагууд дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байна. Иймд иргэд та бүхэн баталгаагүй мэдээлэл түгээхгүй байж, баавгай үзэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад шуурхай мэдэгдэнэ үү.