Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас Заамар суманд уурхайн цооногт унасан бага насны хүүхдийг аврах ажиллагаанд мэргэжлийн багийг уул уурхайн аврах албатай хамтран ажиллуулж, газар дээр нь дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тодруулбал, “Рэдбулкан” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд гарсан уг ослын дараа аврах ажиллагаанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татан оролцуулах арга хэмжээг авч байгаа аж. Мөн салбарын сайдын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах чиглэлээр албан даалгавар гаргаж, улсын хэмжээнд уул уурхайн салбарт ослоос урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ. Түүнчлэн бага насны хүүхдийг үйлдвэрлэлийн талбайд нэвтрүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэн тухайн аж ахуйн нэгжийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн байна.

Гэрэл зураг: Zarig.mn