Б.Пүрэвдагва Хотын дарга болох бол Г.Жаргалсайхан, А.Амартүвшин нар түүний орлогчид яригдаж байна

Б.Пүрэвдагва Хотын дарга болох бол Г.Жаргалсайхан, А.Амартүвшин нар түүний орлогчид яригдаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн томилгоотой холбоотой улс төрийн өрсөлдөөн үндсэндээ “шувтарч” байна.

Учир нь Нийслэлийн МАН-ын Удирдах зөвлөл 2026 оны тавдугаар сарын 19-нд хуралдаж, хотын даргад нэр дэвшигчээр Б.Пүрэвдагвыг дэмжжээ. Улмаар түүний нэрийг МАН-ын Удирдах зөвлөл мөн дэмжсэнээр дараагийн хотын даргаар томилогдох магадлал өндөр болсон.

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 25-нд Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, хотын даргын асуудлыг хэлэлцэх бол маргааш  НИТХ ээлжит бусаар хуралдан, нэр дэвшигчийг баталгаажуулан Ерөнхий сайдад уламжлах товтой байна. Хотын даргын сунгаанд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өөрийн улс төрийн хүрээллийн хүн гэгддэг Ж.Сандагсүрэнг дэмжиж байсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. Харин МАН-ын даргын зүгээс “гаднаас хүн томилох” хувилбар ч яригдсан.

Хотын шинэ удирдлагын багт ажиллах орлогч нарын асуудал мөн улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Г.Жаргалсайхан, хоёрдугаар орлогчоор А.Амартүвшин нарыг томилж магадгүй аж.

Г.Жаргалсайханыг 2026 оны тавдугаар сарын 11-нд нэгдүгээр орлогчоор томилсон ч тухайн үеийн хотын дарга Х.Нямбаатар бүрэн эрхийнхээ хүрээнд тав хоногийн дараа чөлөөлсөн байдаг. Түүний хувьд Баянзүрх дүүргээс улс төрд гарч ирсэн УИХ-ын гишүүн асан Э.Бат-Амгалантай ойр хүрээлэлд тооцогддог бол А.Амартүвшин нь Х.Нямбаатарын улс төрийн багийн хүн гэгддэг. Тэрбээр 2024 оноос хойш Хотын дарга асан Х.Нямбаатарын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан билээ. Хотын даргад нэр нь хүчтэй яригдаж буй Б.Пүрэвдагва нь Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга бөгөөд намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Түүнийг 2024 оны аравдугаар сарын 14-нд болсон тус холбооны VII их хурлаар 100 хувийн саналаар ерөнхийлөгчөөр сонгож байжээ. Мөн тэрбээр Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдон төлөөлөгчөөр ажиллаж байсан улс төрийн туршлагатай нэгэн аж.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө