Францын сүүн бүтээгдэхүүний дэлхийн брэнд Yoplait-ийг Монголд дотооддоо үйлдвэрлэж эхэллээ.
Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгч ТЭСО Дэйри ХХК Yoplait-ийн судалгаа, хөгжүүлэлтийн багтай хамтран гурван жилийн турш судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийсний үр дүнд монгол хэрэглэгчдийн амт, хэрэглээний онцлогт тохирсон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь “Yoplait” брэндийн дор “Тараг” нэртэйгээр эх орондоо үйлдвэрлэгдэж буй бөгөөд олон улсын стандарт, технологийг Монголын зах зээлд нутагшуулснаараа онцлог болжээ. Мөн монголчуудын хэрэглээ, амтлах дадалд нийцүүлэн жорыг тусгайлан боловсруулсан байна. Ингэснээр дэлхийд танигдсан Франц брэндийг эх орондоо үйлдвэрлэж, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн салбарт технологи, хамтын ажиллагааны шинэ жишиг бий болгож буйг салбарынхан онцолж байна.