Монголын чөлөөт бөхийн холбоо нь 2025 оноос эхлэн Дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны календарт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний гурав дахь тэмцээнийг “Улаанбаатар опен” нэрийн дор эх орондоо зохион байгуулж эхэлсэн.
Тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа болох гэж байгаа бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 4-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орчим орны 400 гаруй шилдэг тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Олимп, дэлхийн аварга болон медальт тамирчид олноор хүрэлцэн ирэхээр болсон нь “Улаанбаатар опен” тэмцээний нэр хүнд, өрсөлдөөний түвшин өссөнийг харуулж байна.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн чансааны №1, 2025 оны дэлхийн аварга, Азийн аварга, 2022 оны Азийн наадмын мөнгөн медальт БНАСАУ-ын тамирчин Хан Чонг Сон оролцохоор болжээ. Мөн 2025 оны ОХУ-ын улсын аварга, 2026 оны Европын аваргын мөнгөн медальт, Иван Ярыгин олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Муса Мехтиханов бүртгүүлээд байна.