Агаарын тээврийн компаниудын мэдэгдэл, санхүүгийн тайлан, удирдлагуудын тайлбарыг нэгтгэн гаргажээ

Агаарын тээврийн компаниудын мэдэгдэл, санхүүгийн тайлан, удирдлагуудын тайлбарыг нэгтгэн гаргажээ

АНУ, Ираны хооронд дайн эхэлснээс хойш онгоцны  түлшний үнэ бараг хоёр дахин огцом өссөн нь дэлхийн агаарын тээврийн салбарыг бизнесийн бодлогоо өөрчлөхөд хүргээд байна.

Авиа компаниуд тасалбарын үнээ нэмэх, тээшний төлбөрөө өсгөх, нислэгээ цөөрүүлэх, бүр цуцлах арга хэмжээ авч эхэлжээ. Гэсэн ч энэ хямрал аль хэдийн  авиа компаниудыг дампууралд хүргээд байна. Reuters агентлаг дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд түлшний хомсдол, үнийн өсөлттэй хэрхэн тэмцэж буй талаар дараах мэдээллийг нэгтгэжээ.

Үүнд:

  • Канадын Air Canada компани түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор Нью-Йорк чиглэлийн өдөр тутмын 38 нислэгээс дөрвийг нь цуцалжээ. Мөн түлшний үнийн тогтворгүй байдлаас болж жилийн төлөвөө түр түдгэлзүүлсэн байна.
  • Хятадын гурван том агаарын тээвэрлэгч болох Air China, China Southern Airlines болон China Eastern Airlines дотоодын нислэгийн түлшний нэмэлт хураамжаа 500 хувиар өсгөжээ. 800 км-ээс богино нислэгт 60 юань, илүү урт нислэгт 120 юанийн нэмэлт төлбөр авч эхэлсэн байна.
  • Air France-KLM энэ онд түлшний зардал нь 2.4 тэрбум ам.доллараар өснө гэж тооцоолжээ. Үүнтэй холбоотойгоор нислэгийн өсөлтийн төлөвөө бууруулж, алсын зайн нислэгийн тасалбарын үнийг нэмэхээр болсон байна. Нэг, хоёр талын аялал дунджаар 50 еврогоор үнэтэй болох аж. Мөн KLM ойрын нэг сарын хугацаанд Европ дахь 160 нислэгээ цуцална гэдгээ мэдэгдсэн билээ.
  • Air India техникийн бус ажилтнуудаа цалингүй чөлөөнд гаргах, нислэгийн хэмжээг ойрын гурван сард 20 гаруй хувиар бууруулах талаар хэлэлцжээ. Мөн түлшний тогтмол нэмэлт хураамжийг нислэгийн зайнаас хамаардаг системээр солихоор төлөвлөж байна.
  • Air New Zealand тав, зургаадугаар сард нислэгээ багасгаж, тарифaa нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Тус компани түлшний хямралын улмаас үнээ нэмсэн дэлхийн анхны компаниудын нэг болсон байна.
  • АНУ-ын томоохон тээвэрлэгч American Airlines 2026 онд түлшний зардал нь дөрвөн  тэрбум ам.доллараас давж өснө гэж үзэж байна. Үүнтэй холбоотойгоор эхний болон хоёр дахь тээшний төлбөрийг 10 ам.доллараар, гурав дахь тээшийг 150 ам.доллараар нэмсэн бөгөөд эдийн засгийн ангиллын зорчигчдын зарим хөнгөлөлтийг цуцалжээ.

                                                                           Эх сурвалж: Reuters