Сошиал дахь төлбөртэй сурталчилгаа, инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах хуулийг УИХ боловсруулж байна

Сошиал дахь төлбөртэй сурталчилгаа, инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах хуулийг УИХ боловсруулж байна

Сүүлийн жилүүдэд сошиал орчин хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болж, инфлюзерүүд олон нийтийн үзэл бодол, худалдан авах шийдвэрт хүчтэй нөлөөлөх болсон. Нэг пост, нэг стори хийгээд л мянга мянган үйлчлүүлэгчдийг татаж чаддаг болсон нь энэ төрлийн маркетингийг томоохон бизнесийн салбар болгожээ.

Энэ нь нэг талаар давуу талтай мэт боловч олны танил хүмүүс сошиал медиагаар дамжуулан сурталчилгаа хийж, иргэдийг эд хөрөнгөөр нь хохироосон тохиолдол ч цөөнгүй гараад байгаа юм. Тодруулбал, жүжигчин И.Одончимэг, Т.Бархүү, нэвтрүүлэгч Д.Одзаяа, дуучин С.Ариунзаяа нар Сити резиденс, Гранд маршал, Хайрын хот хотхон төслүүдийг сурталчилж олон захиалагчдыг хохирлосон бөгөөд одоог хүртэл асуудал нь шийдэгдээгүй байгаа билээ. Тэгвэл ямартай ч Монгол Улс ийм төрлийн харилцааг зохицуулах “Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуультай болохоор төслийн үйл явц боловсруулах шатандаа явж байна. Уг төсөл батлагдвал Монголд анх удаа сошиал медиа орчныг тусгайлан зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

-ИНФЛЮЗЕРҮҮДИЙГ МЭРГЭЖЛИЙН, ДАВХАР АЖИЛ ЭРХЛЭГЧ БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ХЭМЭЭН АНГИЛЖЭЭ-

Юуны өмнө уг хуулийн төсөлд инфлюзерийг зөвхөн бидний тодорхойлдог шиг олон дагагчтай хүнээр хязгаарласангүй. Харин:

  • мэргэжлийн инфлюзер,
  • давхар ажил эрхлэгч инфлюзер,
  • байгууллагын инфлюзер (хуулийн этгээд) хэмээн ангилжээ. Энэхүү шалгуураар ангилахдаа дагагчийн тоогоор бус орлогын хэмжээ, арилжааны агуулгын давтамжаар нь эрх бүхий байгууллага тогтооно гэжээ.

Хуулийн төсөлд инфлюзерүүдийг мөн бүртгэлтэй болгох зохицуулалтыг хийсэн байна. Тухайлбал, арилжааны агуулга нийтлэх замаар тогтмол орлого олдог, нэг жилд арилжааны хамтын ажиллагаа зургаагаас дээш удаа хийдэг хүнийг бүртгэнэ. Түүнчлэн сайн дурын үндсэн дээр контент бүтээдэг хүмүүс ч бүртгүүлэх боломжтой аж. Харин редакцийн хараат бус мэдээ, нийтлэл, баримтат контент нийтэлдэг сэтгүүл зүйн байгууллагуудыг энэхүү бүртгэлээс чөлөөлөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл, уг хууль нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагаас илүүтэй сошиал орчин дахь арилжааны контент, инфлюзер маркетингийг зохицуулахад чиглэж байгаа юм.

- "ТӨЛБӨРТЭЙ" ТЭМДЭГЛЭГЭЭГ КОНТЕНТЫН ЭХЭНД ХЭРЭГЛЭГЧ ШУУД ХАРАХ ХЭСЭГТ БАЙРЛУУЛНА- 

Хуулийн төслийн хамгийн чухал хэсэг нь арилжааны агуулгатай контентыг ил тод, ойлгомжтой байдлаар тэмдэглэх шаардлага юм. Тухайлбал: “Сурталчилгаа”, “Төлбөртэй", “Ивээн тэтгэлэг”, “Affiliate”, “Бэлэг/бартер” гэх мэт тэмдэглэгээг заавал оруулах ёстой бөгөөд энэхүү тэмдэглэгээ нь контентын эхэнд, хэрэглэгч шууд харах хэсэгт байрлах ёстой гэж заажээ. Мөн холбоосоор дамжин худалдан авалт хийхэд шимтгэл авч байгаа тохиолдолд тухайн холбоосын ойролцоо “Affiliate” гэдгийг тодорхой тэмдэглэж, шимтгэл нь хэрэглэгчийн үнэд нөлөөлөх эсэхийг ойлгомжтой тайлбарлах шаардлага тавьсан байна.

"Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай" хуулийн төсөл

- "100 ХУВЬ ЭМЧИЛНЭ" ГЭХ АГУУЛГЫГ ХОРИГЛОНО- 

Сүүлийн жилүүдэд хүмүүсийн завгүй амьдралын хэв маяг, сошиал орны нөлөөнөөс шалтгаалан онлайн орчинд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүн санал болгох хандлага түгээмэл гарах болсон. Үүнийгээ дагаад тураах бүтээгдэхүүн, нэмэлт витамин, гоо сайхны үйлчилгээний сурталчилгаа эрс нэмэгдсэн. Тэгвэл энэхүү хуулийн төсөлд, “100 хувь баталгаатай”, Эмчилнэ” гэх мэт нотолгоогүй амлалтыг хориглож,  зөвшөөрөл, эсрэг заалт, эрсдэлийг  дурдах шаардлагыг тавьсан байна.

Үүнээс гадна крипто хөрөнгө оруулалт зэрэг өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүний сурталчилгаа нэмэгдсэнтэй холбогдуулан  “Хөрөнгө оруулалт 2 дахин өсгөнө” зэрэг нотолгоогүй амлалтыг хоригложээ. Санхүү, крипто, форексийн сурталчилгаанд ч мөн эрсдэлийн анхааруулга заавал оруулах аж.

ХҮҮХДИЙГ “АВЧ ӨГӨӨЧ” ХЭМЭЭН ЭЦЭГ ЭХДЭЭ ДАРАМТ ҮЗҮҮЛЭХЭД ХҮРГЭДЭГ МАРКЕТИНГИЙГ ХЯЗГААРЛАНА -

Хуулийн төсөлд мөн хүүхэд хамгаалалтын асуудлыг онцгойлон тусгажээ. Ингэхдээ 18 нас хүрээгүй хэрэглэгчдэд чиглэсэн контентод:

  • мөрийтэй тоглоом,
  • өндөр эрсдэлтэй санхүүгийн бүтээгдэхүүн,
  • насанд хүрэгчдийн бараа,
  • хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн сурталчлахыг хориглохоор тусгасан байна.

Мөн хүүхдийг “авч өгөөч” хэмээн эцэг эхдээ дарамт үзүүлэхэд хүргэдэг “pester power” төрлийн маркетингийг хязгаарлахаар тусгажээ.

- ХИЙМЭЛ ОЮУН УХААНААР ХИЙСЭН КОНТЕНТЫГ ЗААВАЛ ТЭМДЭГЛЭНЭ -

Монголд олон дагагчтай хүмүүсийн дунд тролл дагагчтай, Вьетнам хаягаар коммент бичүүлдэг тохиолдол мэр сэр гардаг.  Тэгвэл  энэ хуулийн төсөлд хуурамч лайк, дагагч, үзэлт худалдаж авах, хуурамч үзэлт зохион байгуулахыг зөрчилд тооцохоор тусгажээ. Мөн хиймэл оюун ухаан ашигласан контентыг ч заавал тэмдэглэх шаардлагатай аж. Хэд хоногийн өмнө бүжигчин Төөгөө “Эко товер” -ын барилга дээрээс бууж буй бичлэг хиймэл оюун ухаанаар хийлгэж цахим орчинд тавьсан нь шүүмжлэл дагуулаад зогсохгүй цагдаагийн байгууллагаас анхааруулга өгч байсан жишээ бий. 

- ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ, ДАЛД СУРТАЛЧИЛГААНД ИНФЛЮЗЕР, АГЕНТЛАГ, ЗАХИАЛАГЧ НАР ХАМТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Хуулийн төслийн нэг онцлог нь зөвхөн контент бүтээгч бус, реклам захиалсан компани болон агентлагууд хамтдаа  хариуцлага хүлээх явдал. Нөгөө талаас сурталчилгаа хийж байгаа хүмүүсийн хувьд ч  “Компаниас өгсөн тайлбарыг  л уншсан” гэсэн тайлбар өгөөд хариуцлагаас бултдаг байдал ард хоцорсон байна. Тодруулбал, шинэ зохицуулалтаар худал мэдээлэл, далд сурталчилгаанд,  инфлюзер, агентлаг, захиалагч нар оролцооны хэмжээгээрээ хамт хариуцлага хүлээхээр болжээ. Гэхдээ хуулийн төсөлд зөвхөн үүрэг, хариуцлагаас гадна инфлюзерийн эрхийг ч мөн тусгасан бөгөөд инфлюзер нь захиалагчийн хууль бус шаардлагыг биелүүлэхээс татгалзах, өөрийн контент болон зохиогчийн эрхээ хамгаалуулах, шударга бус нэр хүнд унагах ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй байх аж. Түүнчлэн бүртгэлтэй инфлюзерүүд орлого, хамтын ажиллагаа, гэрээний мэдээллээ татварын хууль тогтоомжийн дагуу тайлагнах зохицуулалт оржээ. Ингэснээр сошиал орчноос олсон орлогыг илүү нээлттэй, хяналттай болгох зорилготой юм. 

- АНХНЫ, ЭРСДЭЛ БАГАТАЙ ЗӨРЧИЛД АНХААРУУЛАХ ДАВТАН БОЛОН НОЦТОЙ ЗӨРЧИЛД ТОРГОХ, КОНТЕНТ ХЯЗГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВНА - 

Мөн энэхүү хуулийн “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага” хэсэгт инфлюзерүүдийн гаргаж болох зөрчил болон түүнд авах арга хэмжээг тодорхой тусгажээ. Тухайлбал, төлбөртэй сурталчилгаагаа тэмдэглэлгүй нуух, худал мэдээлэл түгээх, зөвшөөрөлгүй санхүү болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн рекламдах, хүүхдэд хориотой сурталчилгаа хийх, хуурамч дагагч хуурамч үзэлт ашиглахыг зөрчилд тооцохоор байна. Ингэхдээ анхны эрсдэл багатай  зөрчилд 24-72 цагийн дотор засах хугацаатай анхааруулга өгөх бол давтан болон ноцтой зөрчилд бүртгэл түдгэлзүүлэх, торгох, контент хязгаарлах хүртэл арга хэмжээ авах боломжтой аж. Харин залилан, санхүүгийн пирамид, хуурамч эмчилгээ зэрэг эрүүгийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр тусгажээ.

"Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай" хуулийн төсөл

Эцэст нь, "Инфлюзерийн үйл ажиллагааг зохицуулах тухай" энэхүү хуулийн төсөл батлагдвал Монголын сошиал орчинд анх удаа инфлюзерийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ нь нэг талаас нууц сурталчилгаа, хуурамч үзэлт, эрсдэлтэй бүтээгдэхүүний рекламд хязгаар тавих зорилготой боловч нөгөө талдаа бас контент бүтээгчдийн эрх чөлөө болон бүртгэл, хяналттай холбоотой асуудалд  маргаан дагуулж болзошгүй юм.