Энэ оны тавдугаар сарын 17-ны өдөр “Дуган хад” амралтын газар шатаж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаж, олны анхаарлыг татсан байдаг. Тэгвэл бид энэ удаа гал гарсан “Дуган хад” амралтын газрыг газар дээрээс нь сурвалжиллаа.
ВИДЕО:
“ДУГАН ХАД” АМРАЛТЫН ГАЗАР ЭНЭ ОНД ТӨВ АЙМГИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРСАН-
Тус амралтын газар нь 1972 онд анх байгуулагдсан 50 жилийн түүхтэй амралтын газар юм. Хэнтий нурууны салбар уулс болох Эрдэнэ хайрхны өвөрт Төв аймгийн Борнуур сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 110 км зайд байрлах тус амралтын газар нь гурван давхар зочид буудал, ресторан, амралтын байшин, гэр зэрэг бүтээн байгуулалттай Монгол Улсын томоохон татвар төлөгч байгууллага юм.
Харамсалтай нь тавдугаар сарын 17-ны өдөр тус амралтын газар гал гарснаар гурван давхар зочид буудал, ресторан, хоёр амралтын байшин зэрэг зүйлсүүд бүхэлдээ шатсан байна. Манай сурвалжлах баг “Дуган хад” амралтын газар очин удирдах албан тушаалтнаас нь үүсээд буй байдлын талаар тодруулахад, “Галын дүн шинжилгээ гараагүй байгаа учраас юунаас эхэлж гал гарсныг бид мэдэхгүй байна. Тийм учраас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

-ХАМГИЙН ОЙРЫН ГАЛ УНТРААХ АНГИ ЗАСМАЛ ЗАМААР ЯВБАЛ 100 ГАРУЙ КМ ЗАЙД БАЙРЛАДАГ-
Гал гардаг өдөр хүчтэй салхи салхилсан өдөр байсан. Тус өдрийн 13 цаг орчим амралтын газрын хамгийн том байгууламж болох гурван давхар зочид буудалд гал гарч энэхүү гамшигт үйл явдал эхэлжээ. Гал гарсныг мэдсэн даруйдаа амралтын газрын ажилчид цаг алдалгүй дуудлага, мэдээллийг хүргүүлсэн ч “Дуган хад” амралтын газар хамгийн ойр байрлах гал унтраах анги засмал замаар явбал 100 гаруй км цаана буюу Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг аж. Тус амралтын газрын ажилчид гал унтраах аврагчид ирэх хүртэл нэг ч хором зүгээр суугаагүй. Зочид буудалд гарсан гал хүчтэй салхины нөлөөгөөр урдаас хойш чиглэлтэй дүрэлзэж зочид буудлын ард байдаг ресторан болон хоёр амралтын байшин шатаж эхэлжээ.

-“ЗОЧИД БУУДЛЫН ГАЛЫГ УНТРААХААСАА ӨНГӨРСӨН ЮМ БАЙНА. ХАРИН ГАЛ УНТРААХ АНГИЙНХНЫГ ИРТЭЛ ЯАЖ ГАЛЫГ ОЙ РУУ ОРУУЛАХ БАЙХ ВЭ ГЭЖ БОДОГДСОН”-
Энэ талаар “Дуган хад” амралтын газрын нэгэн ажилтан “Тухайн үед миний толгойнд зочид буудал, ресторан зэргийн галыг бид унтраахаасаа өнгөрсөн юм байна. Гал унтраах багийнхан иртэл яаж энэ галыг ойн мод руу оруулахгүй байх вэ гэдэг бодол эргэлдэж байсан” гэв.
Гал салхины нөлөөгөөр улам хүчээ авч тухайн үед байсан ажилчдын хамгийн их айж байсан ойн модны захад тулан очжээ. Ойн захын мод шатаж эхлэх үед амралтын газрын ажилчид шуурхай арга хэмжээ авч модыг хөрөөдөж унагаасан байна. Ингэснээр шатаж эхлээд байсан модоор дамжиж ойн түймэр болох эрсдэлийг тэд тогтоож чадсан байна.

Энэ мэт үйл явдлууд нүд ирмэх зуурт болж өнгөрөхөд гал унтраах ангийнхан ирж галыг бүрэн унтраасан байна. Энэхүү гамшиг явдлын үеэр нэг ч хүн бэртэж, гэмтээгүй гэдэг нь сайн мэдээ юм. Хэрэв тус амралтын газрын ажилчид галыг ой руу оруулахгүй байх арга хэмжээ аваагүй байсан бол хэдий хэмжээ хохирол үүсэх байсныг төсөөлөхөд ч хэцүү.

