Одоогоос зургаан жилийн өмнө /2020.06.02/ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж байв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасан. Тэгвэл тус хуулийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сарын 02-ны /2026.06.02/ дуусах юм.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зургаан жилийн өмнө Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилж байсан Д.Ганзориг нь улиран томилогдож, дахин зургаан жил Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж магадгүй байна.
Учир нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахтай давхцан Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа "Монгол Улсын Их Хурлаас 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “... зөвхөн нэг удаа ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэхээр Их суудлын хуралдааныг энэ сарын 27-ны /2026.05.27/ өдөр хийхээр товложээ. Энэ талаар Үндсэн хуулийн цэц өчигдөр /2026.05.19/ албан ёсоор мэдээлсэн байх аж. Тус мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас ердөө долоохон хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцэж байгаа нь магадгүй Д.Ганзоригийг дахин "улирах" боломжийг Үндсэн хуулийн цэц олгох нь гэх хардлагыг төрүүлж буй юм.
Хэрэв Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа" томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл Д.Ганзориг нь улиран томилогдох боломжтой болно.
Нөгөөтээгүүр, Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж магадгүй, үүнд нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн нөлөөлөл ч байхыг үгүйсгэхгүй гэх хардлага хуульч, өмгөөлөгч нарын дунд хэдийнэ гараад байгаа аж. Учрыг тодруулбал, Үндсэн хуулийн цэц өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоолыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн "талд" шийдвэр гаргасан. Энэ ч утгаараа Цэцэд мэдээлэл гаргасан нэр бүхий иргэний мэдээллээр маргаан үүсгэж, Их суудлын хуралдаанаараа хэлэлцэхээр товлосон нь дээрх хардлагыг бататгаж байна гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж буй юм.
Ямартай ч зургаан жилийн өмнө "хэл амтай" Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид томилогдож, зургаан жилийн хугацаанд "нам гүм" байсан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг улиран томилогдож, дахин зургаан жил Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч хийх боломжийг Үндсэн хуулийн цэц "олгож" магадгүй байна.
Бид Цэцийн их суудлын хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.