Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно

Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдана.

Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль товлон зарласан аймаг, сумдын сонгуулийн хороо болон мэдээллийн технологийн багтай 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр цахим хурал хийлээ. Цахим хуралд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ болон холбогдох газар, хэлтэс, мэдээллийн технологийн газрын албан хаагчид оролцож, сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцон, арга зүйн зөвлөмж өгсөн байна. Хурлын үеэр нэр дэвшигчдийг бүртгэх, сонгуулийн мэдээллийн цахим системийг ашиглах, сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгч, оролцогчдын асуултад хариулжээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос сонгууль зохион байгуулахад оролцдог байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажилтнуудад сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил сонгуулийн хорооны ажилтнуудаас гадна улс төрийн намын анхан болон дунд шатны байгууллагуудад сургалт, мэдээлэл хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна нөхөн сонгууль товлон зарласан 16 аймагт мэдээлэл, сургалт хийх баг дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн ажиллах бол сумдын сонгуулийн хороодод зориулсан орон нутгийн сургалт тавдугаар сарын 3-наас эхлэх юм.