Хоёр давхар цагаан байшингийн шатаар өгсөн, дээд давхарт гарч хаалгыг татан ороход, "Тэр байна" гэж тодорхойлж чадамгүй онцгой үнэртэй бүгчим агаар угтан авлаа. Улаанбаатар хотын байшингийн нэгэн өрөөнд бөднө, тахиа шувуу үржүүлж байгаа нь энэ.
ВИДЕО:
-ТЕХАС БӨДНИЙГ НАС БИЕ ГҮЙЦСЭНИЙГ ДАРАА Л ХҮЙСИЙГ НЬ МЭДЭЖ БАЙНА -
“Солонгон өд” үржүүлгийн газарт одоогоор хоёр төрлийн бөднө шувуу амьдарч байна. Үүнд мах, өндөгний чиглэлийн цагаан өнгөтэй Техас бөднө, мөн бор өнгөтэй махны чиглэлийн фараон бөднө багтана. Эдгээрийг өнгөрсөн жил импортоор оруулж ирэн үржүүлж эхэлжээ. Үржүүлэгчдийн зорилго нь эдгээр шувууны үүлдэр, чанарыг сайжруулж, илүү ашиг шимтэй болгоход оршиж байна.

Техас болон фараон бөднүүд нь Монголд түгээмэл байдаг япон бөднөтэй харьцуулахад биеэр илүү том, өндөг нь ч мөн том хэмжээтэй. Япон бөднийн дэгдээхийг өндөгнөөс гармагц нь хүйсээр нь ялгаж болдог бол фараон бөднийг 20 орчим хоногтойд нь цээжнийх нь өнгөөр ялгана. Цээжин дээрээ судалтай нь эм, жигд шаргал цээжтэй нь эр аж. Харин цагаан өнгөтэй Техас бөдний хувьд нас бие гүйцсэний дараа л хүйсийг нь тодорхойлох боломжтой. Бөднийн дэгдээхийг “лөтнө” хэмээн нэрлэдэг.
- БӨДНӨ ШУВУУ ДУНДЖААР 2-3 НАСЛАХДАА 6-8 САРД НЬ ӨДӨР БҮР ӨНДӨГЛӨДӨГ -
Үржилд ашиглах өндгийг сонгохдоо хамгийн жинтэй, том өндөгнүүдийг инкубаторт хийснээр илүү том, эрүүл лөтнө бойжих нөхцөл бүрддэг байна. Бөднө шувуу өндөгнөөс хагарч гарснаас хойш 45 хоногийн дараагаас өндөглөж эхэлдэг, эргэлт сайтай амьтан. Дунджаар 2–3 жил насалж, үүнээс 6–8 сард нь хамгийн их ашиг шимээ өгдөг бөгөөд цаашдаа өндөглөх нь аажмаар багасдаг аж.

Нэг үүрэнд зөвхөн эм бөднүүдийг байрлуулж, хоол тэжээл, гэрэл, дулааныг тохируулбал өдөр бүр өндөг гаргадаг ч энэ нь амьгүй өндөг байдаг. Харин үржүүлгийн зориулалтаар нэг үүрэнд заавал нэг, заримдаа хоёр эр бөднө оруулдаг байна. Гэвч хоёр эрийг хамтад нь байлгавал хоорондоо зодолдож, нэгнийгээ гэмтээх тохиолдол гардаг гэнэ. Зодуулсан шувууг хэсэг хугацаанд тусгаарлахад л өөрөө эдгэрчихдэг, анагаах чадвар өндөртэй шувуу юм байна. Сүүлийн үед уургийн хэрэгцээгээ нөхөх зорилгоор хүмүүс бөднийн өндөг хэрэглэх нь нэмэгдэж, зарим нь эр бөднийн махаар шөл хийж уух болсон талаар үржүүлэгч ярьж байлаа.
- АЛГЫН ЧИНЭЭ ШАР АЯГАНААС АРВААД БӨДНӨ ЗЭРЭГ УС УУНА -
Ярилцлагын явцад шувуудын дуу чимээ аажмаар нэмэгдэж, бараг юм сонсохын аргагүй болов. Биднийг анх очиход азарган тахианууд хааяа нэг “гугари-гу” хэмээн дуугарч байсан бол бөднө шувууд ерөнхийдөө нам гүм, дуу чимээ багатай аж. Харин тахиануудын шуугилдсан шалтгаан нь өлссөнтэй холбоотой байжээ. Гадны хүн ирж, эзнийг нь саатуулснаас болж хооллох цаг нь хойшилсонд тэд “эсэргүүцлээ илэрхийлсэн” бололтой. Тус үржүүлгийн газар шувуудын байр, хоол тэжээлд нямбай ханддаг нь анзаарагдана. Бөднө шувуу хоолоо их асгаж иддэг, нэлээд замбараагүй зуршилтай гэнэ. Тэдэнд зориулсан алганы чинээ шар аяганаас арваад бөднө зэрэг ус уудаг байна.

-ЗОРИУЛАЛТЫН ТЭЖЭЭЛ, БАЙРААР НЬ ХАНГАВАЛ НЭГ АЙЛ 10 БӨДНӨ ГЭРТЭЭ ТЭЖЭЭЖ БОЛНО -
Энд зөвхөн бөднө төдийгүй өндөглөгч тахианууд ч бий. Тухайлбал, цагаан леггорн, адлер, ливенский үүлдрийн тахиаг өсгөж байна. Тус үржүүлгийн газарт бөднийн нэг ширхэг өндгийг мянган төгрөгөөр, дэгдээхэйг өндөгнөөс гарснаас хойш гурав хоногийн дараагаас нэг бүрийг нь 5000 төгрөгөөр борлуулдаг. Бөднө шувуу нь зориулалтын тэжээл, инкубаторт зөв бойжуулбал хорогдол багатай амьтан аж. Үржүүлэгчийн зүгээс нэг айл 10 орчим бөднө шувууу гэртээ тэжээхэд тийм ч их хүндрэл гарахгүй, харин үүнээс олон тоотой болвол арчилгаа шаардаж бага зэрэг хүндрэлтэй болох тухай дурдлаа.