"Төр хувийн хэвшлийн түншлэлийн форум - 2026" боллоо

"Төр хувийн хэвшлийн түншлэлийн форум - 2026" боллоо

“Төр, хувийн хэвшлийн түншлэл-Хөрөнгө оруулалтын боломж” долоо хоногийн арга хэмжээний хүрээнд өнөөдөр (2026.04.24) “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” зохион байгуулагдлаа.

Энэхүү форумыг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, АНУ-ын Худалдааны яамны Арилжааны эрх зүйг дэмжих хөтөлбөр болон Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулж байгаа бөгөөд форумыг нээж, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн үг хэллээ.

Тэрбээр “Эдийн засаг, хөгжлийн яамнаас хоёр дахь жилдээ уламжлал болгон санаачлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь “Төр, хувийн хэвшлийн түншлэл-хөрөнгө оруулалтын боломж” 7 хоногийн арга хэмжээний хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулан нэгдсэн форумаа өнөөдөр зохион байгуулж байгаа нь өнгөрсөн жилийн форумаас онцлог бүхий байна. “Төр, хувийн хэвшлийн түншлэл бол зөвхөн төсөл хэрэгжүүлэх арга хэрэгсэл биш, харин манай улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг юм. Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж үзэж, тэднийг дэмжих бодлогоо тууштай үргэлжлүүлэх болно. Өнөөдрийн форум нь бидний зорилго нэг байгааг харуулж байгаа бөгөөд та бүхний санал санаачилга, харилцан итгэлцэл дээр суурилсан бодит хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрыг хариуцагч, Үйл ажиллагаа хариуцсан дарга Чандра Арора, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар нээлтийн үг хэлсэн юм.  Форумын зорилго нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль, эрх зүйн орчин, институцын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, аймаг, нийслэлд түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломжийг судлах, дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн байгууллагуудын туршлага, санхүүжилтийн механизмыг судлах, туршлага хуваалцахад оршино.

Форумд аймаг, нийслэлийн төрийн байгууллагын албан хаагч нар, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчид, түншлэлийн салбарын гадаад, дотоодын зочид төлөөлөгч нар оролцож туршлага солилцсон бөгөөд илтгэгч нар доорх сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

  • Төр, хувийн хэвшлийн түшлэлийн бодлого, эрх зүйн орчны шинэчлэл
  • Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага ба түншлэл
  • Түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн танилцуулга
  • Олон улсын туршлага, санхүүжилтийн боломж
  • Улаанбаатар хотод хэрэгжүүлэх түншлэлийн төслүүд
  • Монгол дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг санхүүжүүлэх боломжууд сэдвийн хүрээнд илтгэлээ хэлэлцүүлсэн билээ. 

Форумын үеэр Олон Улсын санхүүгийн корпорац, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ хоорондын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо.

“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” зохион байгуулагдсанаар төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоо, олон улсын санхүүжилтийн эх үүсвэрийг нэг дор төвлөрүүлэх, Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан түншлэлийн төслүүдийг эрчимжүүлэх, дэд бүтэц болон нийтийн үйлчилгээний салбарыг дэмжих, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.