Одоогоос таван жилийн өмнө Хэнтий аймгийн Батноров суманд барьсан "Андлалын өргөө" цогцолбор олны хэл ам дагуулж, улмаар "зохиогчийн эрхийн маргаан" гэх тайлбартайгаар тус хөшөөг буулгаж байсан билээ.
Тодруулбал, Хэнтий аймгийн Батноров суманд босгосон "Андлалын хөшөө"-ний баримлын зохиомжийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран бүтээлч Д.Эрдэмбилэг гаргасан бөгөөд бүтээлийг барих үед уран бүтээлч нас барсан тул оюуны өмчийн гүйцэтгэлд "өөрийнх нь бодсон шиг" болсон эсэхэд талийгаач хяналт тавих боломжгүй болсон. Тиймээс ар гэрийнхэн нь оюуны өмчийг ашиглуулахгүй гэсэн хүсэлт гаргасан гэх тайлбартайгаар тухайн хөшөөг буулгаж байсан юм.

Гэхдээ энэ нь "Андлалын хөшөө"-тэй холбоотой иргэдийн шүүмжлэлийг "цайруулах" гэсэн оролдлого ч байсныг үгүйсгэхгүй. Тухайн үед дээрх хөшөөг барьсан "Хос санаа" гэх ХХК улсын төсөвт 1.9 тэрбум төгрөгөө шилжүүлсэн талаарх мэдээлэл ч гарч байсан. Тухайн үед хөшөөг бариад нурааж, улмаар улсын төсийн хөрөнгийг буцаан шилжүүлсэн гэх "Хос санаа" компанийг Л.Оюун-Эрдэнийн ах "Hero" энтертайментын найруулагч Б.Баатарын холбоотой хүний компани байсан гэх мэдээлэл гараад намжиж байсан түүхтэй.
Тэгвэл хэрэг хуучирдаггүй гэгчээр "Андлалын хөшөө"-тэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "анх хөшөөг барих санаачлагаас эхлээд барьсан төсвийн зарцуулалт, нураасан зардал гэгчлэнгээр тус хөшөөтэй холбоотой бүхий л асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж."
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АНДЛАЛЫН ХӨШӨӨГ ХАРЛУУЛБАЛ МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮ-
Андлалын хөшөөг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар барьж байсан гэх мэдээлэл байдаг. Тэрбээр "Андлалын өргөөг харлуулбал, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү" гэдгийг анхааруулж байсан удаатай.
Тэрбээр, “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ төслийг зогсоох зориудаар сатааруулах зорилготой хүмүүс байдаг юм байна гэдгийг харлаа. Хэрэв ийм байдлаар гацаавал цаашид хэвлэлийн бага хурал хийж зарлана. Том хааны төслөө нэг гишүүн, нэг сайдын нэрд хамаатуулж авторлаад жижиг сэтгэж болохгүй шүү дээ. Түүхэндээ хөрөнгө оруулалт хийчихье гэхэд яагаад заавал болохгүй талаас нь яриад байгаа юм бэ. Энэ бол Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал.
Гурван үсэгтэй компанийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон хэдэн хүмүүс аятайхан байгаарай. Монголд төр гэж бий. Компани төрийн дээр гарч байсан түүх байхгүй” хэмээж байсан юм.
Энэ бүхнээс харвал магадгүй, "Андлалын хөшөөний" хэрэгт Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын хүмүүсийг холбогдуулан шалгаж байх талтай байна. Ташрамд өгүүлэхэд, "Андлалын хөшөөний" барилгын ажлын зургийн зохиогчоор “Классик хаус” гэх компани ажиллаж байсан бол барилгын ажлын гүйцэтгэгчээр нь “Хос санаа” гэх компани ажиллаж, улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөх дээрх хөшөөг босгоод, олон нийтийн шүүмжлэлд өртөж, улмаар нурааж байсан юм.