Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар шорооны ажил явуулж байсныг зогсоожээ

Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар шорооны ажил явуулж байсныг зогсоожээ

Өнөөдөр /2026.04.24/ Богдхан уулын Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар шорооны ажил явуулж байсан зөрчлийг илрүүлж, холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авчээ.

Тодруулбал, Скайтел ХХК нь сүлжээний станц барих зорилгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны багц хуулиудыг зөрчин, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж байсныг хяналтын явцад илрүүлсэн байна. Уг зөрчлийг Хамгаалалтын захиргаа болон байгаль орчны хяналтын улсын байцаагч нар газар дээр нь таслан зогсоож, холбогдох журмын дагуу нөхөн сэргээлт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох, баригдаж буй байгууламжийг буулгах зэрэг арга хэмжээг авч ажиллажээ.

Албаныхан дархан цаазат газрын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл болохыг онцлон анхааруулж, иргэн, аж ахуйн нэгжүүдийг холбогдох хууль тогтоомж, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөхийг санууллаа.