"Амьгүй донор"-ын гэр бүлийн гурван гишүүнээс зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэн оршуулгын зардал олгох хуулийн төслийг хэлэлцэж байна

"Амьгүй донор"-ын гэр бүлийн гурван гишүүнээс зөвшөөрөл авч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмсэн оршуулгын зардал олгох хуулийн төслийг хэлэлцэж байна

2023 онд гарсан нэг хэрэг олон хүнийг донорын асуудлаас эмээхэд хүргэсэн. Тодруулбал, зам тээврийн ослоор нас барсан иргэний биеэс зөвшөөрөлгүй эрхтэн авсан байж болзошгүй гэх асуудлыг нэр бүхий сэтгүүлч сөхөж, эмч нь хүртэл яллагдагчаар татагдсан. Улмаар П.Батчулуун эмчид 2.6 жилийн ял оноосон. Хожим нь түүнийг шүүхээс цагаатгасан ч энэ явдлын дараа иргэдийн итгэл эрс суларсан юм.

Тухайлбал,  энэ үйл явдлаас хойш амьгүй донор бараг бүртгэгдэхээ больж, зарим эрхтэн шилжүүлэн суулгах ажил зогсох хэмжээнд хүрсэн талаар салбарынхан нь хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, аврагдах боломжтой байсан амь нас цөөрсөн гэсэн үг. Ийм нөхцөлд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг шинэчлэх хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан бөгөөд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлгийг нь хийж эхлээд байна. Анхаарал татах нэг зүйл нь энэ маргаантай хэрэгт холбогдож, улмаар цагаатгагдсан П.Батчулуунэмч өөрөө уг хуулийн төслийн ажлын хэсэгт зөвлөхөөр ажиллаж байгаа явдал. Өөрөөр хэлбэл, асуудлын голд байж, алдаа эндэгдэл хаана гардаг гэдгийг мэдэх хүн салбарынхаа эрх зүйн орчныг тодорхой болгоход оролцож байна.

Өмнө нь донорын асуудлыг 2000 онд батлагдсан “Донорын тухай” хуулиар зохицуулж ирсэн ч өнөөдрийн нөхцөлд олон зүйл тодорхойгүй үлджээ. Үүнээс болж иргэд “зөвшөөрөлгүй эрхтэн авах вий” гэж болгоомжилж, эмч нар ч хууль зүйн эрсдэлд ордог байв.

-АМЬГҮЙ ДОНОРООС ЭД, ЭРХТЭН АВАХДАА ЗААВАЛ ГЭР БҮЛИЙН ДОР ХАЯЖ ГУРВАН ГИШҮҮН БИЧГЭЭР ЗӨВШӨӨРСӨН БАЙХ ШААРДЛАГАТАЙ-

Шинэ хуулийн гол зорилго нь энэ эргэлзээг арилгах. Тухайлбал, олон хүний хамгийн их айдаг “амьд хүний эрхтэн авах уу” гэсэн асуултад илүү тодорхой хариулт өгч байна. Хүн тархины үхэлд орсон, өөрөөр хэлбэл дахин сэргэх боломжгүй гэж эмч нар албан ёсоор тогтоосны дараа л “амьгүй донор” гэж үзнэ. Түүнээс гадна эрхтэн авах шийдвэрийг ганц хүн гаргахгүй. Заавал гэр бүлийн дор хаяж гурван гишүүн бичгээр зөвшөөрсөн байх шаардлагатай гэж тодорхойлжээ.

 -ЭРХТЭН, ЭД, ЭСИЙГ ЭКСПОРТЛОХЫГ ХОРИГЛОНО-

Шинэ хуулиар зөвшөөрөлгүй эрхтэн авахыг хориглож, процессыг илүү тодорхой, баримтжуулсан байдлаар явуулахаар тусгасан. Хэрвээ зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн хуулийн төсөлд анхаарал татах нэг заалт орсон нь эрхтэн, эд, эсийг гадаад руу гаргахыг хориглосон явдал юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад донор болсон хүний эрхтнийг өөр улсын иргэнд шилжүүлэх боломжгүй. Харин эсрэгээрээ, шаардлагатай тохиолдолд олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд гаднаас эд, эсийг эмчилгээний зорилгоор авах боломжийг нээжээ.

Энгийнээр хэлбэл, дотоодын донорын нөөцийг зөвхөн өөрийн иргэддээ зориулах, харин дутуу байгаа эмчилгээний хэрэгцээг гаднаас нөхөх зарчим баримталж байна. Энэ нь нэг талаар иргэдийн дунд байдаг “эрхтнийг гадагш зарчих вий” гэсэн болгоомжлолыг багасгах, нөгөө талаар эмчилгээний боломжийг хаахгүй байх тэнцвэрийг хадгалах зорилготой гэж үзэж байна. Мөн нэг чухал өөрчлөлт нь хүн өөрөө урьдчилж шийдвэр гаргах боломжтой болсон явдал. 21 нас хүрсэн иргэн донор болох хүсэлтээ өгч, албан ёсоор бүртгүүлж болно. Ингэснээр нас барсны дараа эрхтнээ ашиглуулах эсэхийг өөрөө шийдэх боломж бүрдэж байна.

-НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ ОЛГОНО-

Шинэ хуулийн төсөлд донор болсон иргэдийг зөвхөн “сайн дурын үйлдэл” гэж орхихгүй, тодорхой хамгаалалт, дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Өөрийн эрхтэн, эд, эсээ өгч буй хүн эрүүл мэнд, орлогын эрсдэл хүлээдэг.

Тиймээс:

  • Хагалгааны дараа тодорхой хугацаанд ажиллах боломжгүй бол дундаж цалинтай тэнцэх нөхөн олговор авна
  • Донор болохоос өмнө болон дараа заавал даатгалд хамрагдана
  • Хэрвээ эрхтэн өгсний улмаас хөдөлмөрийн чадвар алдагдвал хуульд заасны дагуу тэтгэмж тогтоолгох боломжтой
  • Эмнэлгийн буруугаас болж эрүүл мэндэд нь хохирол учирвал хохирлоо бүрэн нэхэмжлэх эрхтэй

Мөн цаашид жилд нэг удаа үнэгүй үзлэгт хамрагдах, эмнэлгийн тусламжийг хөнгөлөлттэй авах, Рашаан, сувилалд жилд нэг удаа үнэгүй явах боломж бүрдэнэ.

Нас барсан хүний ар гэрт мөн тодорхой дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Тухайлбал, Нийгмийн даатгал төлсөн эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх оршуулгын тэтгэмж олгоно. Энэ нь ар гэрийнхэнд учрах санхүүгийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулах зорилготой юм байна.

-ТЭЭГЧ ЭХЭЭС ТӨРСӨН ХҮҮХДИЙГ БИОЛОГИЙН ЭЦЭГ, ЭХИЙН НЭР ДЭЭР БҮРТГЭНЭ-

Сүүлийн жилүүдэд Монголд чимээгүйхэн яригдаж эхэлсэн нэг сэдэв бол тээгч эхийн асуудал. Өөрөөр хэлбэл, өөрөө жирэмслэх боломжгүй гэр бүл өөр хүний хэвлийд үрээ тээлгэж, хүүхэдтэй болох тухай ойлголт. Гэхдээ энэ нь зөвхөн эмнэлгийн асуудал биш. Ёс зүй, хүний эрх, мөнгөний харилцаа гээд олон маргаан дагуулдаг. Тиймээс шинэ хуулийн төсөлд энэ асуудлыг тодорхой зааж өгөхөөр тусгажээ.

Хуулийн төсөлд “Зөвхөн эмнэлгийн байгууллагаас өөрөө жирэмслэх боломжгүй нь батлагдсан тохиолдолд тээгч эх ашиглахыг зөвшөөрнө” гэж заажээ. Энгийнээр хэлбэл, өөрийн хүсэлтээр биш, зайлшгүй шаардлагатай үед л ашиглах боломжтой. Тээгч эхтэй холбоотой бүх үйл ажиллагаа тусгай журмаар, эрүүл мэндийн байгууллагын хяналтад явагдана. Өөрөөр хэлбэл, “хувиараа тохиролцоод” хийх боломжийг хааж, хяналттай болгох зорилготой. Ингээд тээгч эхээс төрсөн хүүхдийг биологийн эцэг, эхийн нэр дээр бүртгэнэ гэж заасан байна.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө