Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээн, шалгаж байна гэж Нийслэлийн прокуророос мэдээлсэн билээ.
ВИДЕО:
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Гансүлд, "УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан хэд хэдэн иргэдээс гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл ирүүлсэн. Уг гомдол мэдээлэл тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.12.1 дэх хэсэгт заасан "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах", 18.6.1 дэх хэсэгт заасан "Мөнгө угаах" хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Тухайн гэмт хэргийн талаар ирүүлсэн гомдол мэдээлэлтэй холбогдуулан Б.Баатарыг мөн шалгаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэдгийг тодотгосон.
Тэгвэл прокурорын мэдээлсэнчлэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар мөрдөн шалгаж, улмаар шүүхээр гэм буруу нь тогтоогвол тэрбээр 12 хүртэл жилийн хорих ял сонсож магадгүй юм.
Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шалгаж байгаа дээрх зүйл ангиуд нь 200 мянган төгрөгөөр торгохоос 12 жил хүртэл хугацаатайгаар хорих ял оноох заалттай байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 3-д "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
Мөн хуулийн 22.12 дугаар зүйл /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-ийн 1-д "Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэжээ.
Улмаар Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл /Мөнгө угаах/-ийн 1-д "Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус тус заасан байна. Харин Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний ах "Hero" Б.Баатар нарыг чухам ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаарх мэдээлэл одоогоор ил болоогүй байгаа бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл ангиуд нь ийм заалттай байгаа юм.