УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийгээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Төрийн ордон дотор суудал, ширээ, эрх мэдлийн төлөөх зөрчил үргэлжилж, Монгол Улс шинэ Ерөнхий сайд, УИХ-ын даргатай болов. Гэтэл ордны гадна нөхцөл байдал өөр. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түлш шатахууны үнэ өссөөр, иргэдийн амьдрал улам хүндэрч байна. Эрх баригчид эдийн засгийн дарамтыг бууруулах бодит шийдэл гаргахын оронд улс төрийн дараагийн нүүдлээ илүүтэй тооцоолж эхэлсэн гэх шүүмжлэл нэмэгдсээр байна.
- М.ЭНХБОЛДЫН УЛС ТӨРД ОРУУЛЖ, Н.НОМТОЙБАЯРЫН УДИРДАН ЧИГЛҮҮЛДЭГ УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДАРГА БОЛЖЭЭ -
Ийм нөхцөлд улс төрийн хүрээнд анхаарал татсан нэг томилгоо бол УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдсон явдал байв. А.Ундраагийн улс төрийн замнал өөрөө энэ томилгооны цаад утгыг илтгэнэ. Тэрээр 2016-2020 онд МАН-аас УИХ-д сонгогдож байсан бол 2024 оны сонгуульд Н.Номтойбаярын тэргүүлсэн “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтаар парламентэд орж ирсэн. Мөн түүнийг М.Энхболдын улс төрийн хүрээтэй ойр, түүний дэмжлэгээр улс төрд орж ирсэн гэх яриа улс төрийн хүрээнд удаан хугацаанд явж ирсэн.
Харин энэ удаад тэрээр Монголын Ногоон Намын даргаар томилогдсон даруйдаа “эвслийн тэргүүн Н.Номтойбаярын зөвлөсний дагуу ажиллаж байна, түүний улс төрийн шийдвэрийг 100 хувь дагана” хэмээн ил тод мэдэгдсэн нь анхаарал татаж байна.
"Н.НОМТОЙБАЯР, А.УНДРАА МАН-ЫН ИХ ХУРАЛД ОРОЛЦОЖ, НАМЫН БАТЛАХАА СЭРГЭЭЖЭЭ"
Энэ мэдэгдэл нь Ногоон намын бие даасан байдалд эргэлзэх шалтгаан болж, улмаар уг нам бодитоор хэний нөлөөн дор ажиллах вэ гэсэн асуултыг ил гаргаж тавьж байна. Гэвч асуудал үүгээр дуусахгүй Н.Номтойбаяр, А.Ундраа нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон МАН-ын Их хуралд оролцож, намын батлахаа сэргээсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Өдгөө тэдний улс төрийн байр суурь, харьяаллын тухай ойлголт бүр ч бүдгэрч байгаа юм.
"МАН 2028 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН ӨМНӨ “ХАЛААСНЫ” ХОЁР НАМТАЙ БОЛОХ СУУРИА ТАВЬЖ БАЙНА"
Энэ үйл явдлуудыг хооронд нь холбож харвал нэг чиг хандлага ажиглагдаж эхэлж байна. Өөр өөр намын нэр дор улс төрд орж ирсэн боловч эцэстээ нэг төв рүү буцаж төвлөрч буй энэ хөдөлгөөн нь эрх баригч нам өөрт ойр, нөлөөлөл бүхий дагуул бүтэц бий болгож эхэлснийг илтгэж байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, МАН дээрээ буцаж ирсэн улс төрчдийн удирдаж буй хоёр өөр намын цаана эрх баригч нам 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнө “халаасны” хоёр намтай болох сууриа тавьж байна гэх дүр зураг харагдаж байна.
Халаасны намын зорилго улс төрийн практикт тодорхой. Нэгдүгээрт, санал хуваах замаар өрсөлдөгчийн дэмжлэгийг сулруулах, хоёрдугаарт, олон намын өрсөлдөөн мэт харагдуулах, гуравдугаарт, сонгуулийн дараа бие даасан хүчний дүрээр эвслийн хэлэлцээрт орж ирэх боломж бүрдүүлэх явдал байдаг. Ингэснээр улс төрийн орчин олон талт мэт харагдавч бодит нөлөөлөл төвлөрсөн хэвээр үлдэх нөхцөл үүсдэг. Мэдээж, үүнийг шууд батлах баримт одоогоор ил болоогүй. Гэвч сүүлийн үйл явдлуудыг дарааллаар нь ажиглавал ийм хардлага үүсэх үндэслэл бий болж байгааг үгүйсгэх аргагүй.
Сонирхуулахад, Монголын улс төрд төдийлөн анзаарагддаггүй ч бодит нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл бий. Энэ нь сонгуулийн саналын хуудсан дээрх намуудын байрлал юм. Улс төрийн намууд Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн дарааллаараа саналын хуудсанд бичигддэг бөгөөд энэ нь сонгогчдын сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлөх “давуу тал” болдог. Одоогийн байдлаар жагсаалтын эхэнд Монгол Ардын Нам, түүний дараа Ардчилсан нам, улмаар Монголын Ногоон Нам бичигдэж байна. Хэрэв улс төрийн нөлөөлөл бүхий намууд энэ байрлалд зэрэгцэн оршиж байвал энэ нь санамсаргүй давхцал уу, эсвэл тооцоолсон стратеги юу гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.