Монгол Улсад аялахаар ирсэн БНСУ-ын иргэний цогцсыг Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчмоос олсон талаарх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан. Уг мэдээлэлтэй холбоотойгоор "Монголчууд Солонгосын иргэний амь насанд халдаж, бүрэлгээд нуусан уу", "Аялахаар ирсэн хүний цогцсыг нь яагаад хээрээс олов" гэхчлэнгийн олон асуулт өдгөө хариултаа нэхэж байна. Тиймээс бид уг хэргийг "Хэргийг мөрөөр" буландаа хөндлөө.
-2025 ОНД БНСУ-ЫН 177 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН МОНГОЛД ИРЖЭЭ-
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор ирэх БНСУ-ын иргэдийг 90 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчуулах шийдвэрийг гаргасан байдаг. Улмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд энэхүү шийдвэрийг 2026 оныг дуустал сунгаад байгаа юм. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд Монгол Улсыг зорин ирэх Солонгос иргэдийн тоо эрс нэмэгдсэн.
Тухайлбал, өнгөрсөн 2025 онд гэхэд Монгол Улс 854 мянга гаруй жуулчин хүлээн авсны 177 мянга гаруй нь БНСУ-ын иргэн байсан гэх мэдээлэл бий. Харин нөгөө талд Монгол Улсад аялахаар ирсэн солонгос иргэд магадгүй санамсар болгоомжгүйн улмаас амиа алдсан тохиолдол хэд, хэдэн удаа гарсан. Үүний сүүлийн жишээ бол Хүй долоон худаг орчмоос цогцос нь олдсон БНСУ-ын иргэн С юм.
-УУЛНААС ЦОГЦСЫГ НЬ ОЛСОН СОЛОНГОСЫН ИРГЭН ОСГОЖ НАС БАРСАН ГЭХ УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ-
БНСУ-ын иргэн С нь Монгол Улсад аялахаар 2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан байна. Монгол орны үзэсгэлэнг тольдож, цэвэр агаарт нь эрүүлжихээр ирсэн байх магадлалтай тэрээр харамсалтай нь эх нутагтаа эсэн мэнд буцсангүй.
Харин түүний цогцсыг нь хээр талаас олж, шарилыг нь манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамныхан яаралтай нутаг буцаажээ.
Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны /2026.03.27/ өдөр цагдаагийн байгууллагад “Хүй долоон худаг орчимд эрэгтэй хүний цогцос байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэн эрэгтэй, 57 настай С нь ил харагдах гэмтэл, шархгүйгээр нас барсан байжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн иргэний цогцсыг Төв аймгийн Аргалант сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн хойд талын энгэр хэсгээс нутгийн малчин иргэн олж, хуулийн байгууллагад мэдээлсэн аж. Тухайн иргэн тус газарт хэзээ, хэрхэн очсон, яагаад амь насаа алдсан зэргийг тогтоохоор өдгөө хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтээр "осголтын улмаас нас барсан" гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
-СОЛОНГОСЫН ИРГЭН С НЬ БАЯНГОЛ ДҮҮРЭГТ БАЙРЛАХ ЗОЧИД БУУДАЛД ГУРАВ ХОНОСОН БӨГӨӨД ТҮҮНИЙГ АЛГА БОЛСНЫГ ХЭН Ч МЭДЭЭГҮЙ БАЙНА-
Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар "Монголд аялахаар нэгдүгээр сарын 12 /2026.01.12/-ны өдөр ирсэн Солонгосын иргэн С нь гуравдугаар сарын 12-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл Баянгол дүүрэгт байх нэр бүхий зочид буудалд байрлаж байсан бөгөөд үүнээс өмнө болон хойших хугацаанд хаана байсан нь тодорхойгүй байжээ.
Гэхдээ тухайн иргэний визний хугацаа дуусаагүй байсан тул түүнийг хэн ч эрэн хайж, сурвалжлаагүй байна.
Мөн БНСУ-ын Элчин сайдын яам, ар гэрийнх нь ч тухайн иргэнийг сураггүй алга болсон талаарх мэдээллийг манай хууль хяналтын байгууллагад мэдээлээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголд аялахаар ирсэн Солонгосын иргэн С-ыг сураггүй алга болсныг магадгүй хэн ч мэдээгүй аж.
- С-ЫН ЦОГЦСЫГ БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫХАН НУТАГ БУЦААСАН БӨГӨӨД АР ГЭРИЙНХНИЙГ НЬ ОЛОХООР АЖИЛЛАЖ БАЙГАА АЖ-
Харин малын эрэлд явж байсан малчин хээр эрэгтэй хүний удсан цогцос байхыг олж, цагдаагийн байгууллагад мэдээлснээр Монголд аялахаар ирсэн Солонгосын иргэн 57 настай С-ыг нас барсан болохыг тогтоосон байгаа юм.
Улмаар цогцост задлан шинжилгээ хийж, манай улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамны холбогдох хүмүүст хүлээлгэн өгчээ. Энэ дагуу тус Элчин сайдын яамнаас цогцсыг саяхан нутаг буцаасан байгаа юм.
БНСУ-ын иргэн С нь ганц бие байсан байж болзошгүй бөгөөд Солонгосын хууль хяналтын байгууллагаас түүний ар гэрийг олохоор өөрийн улсдаа ажиллаж байгаа гэх албан бус мэдээлэл ч байна. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар БНСУ-ын иргэн С нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэх бөгөөд энэ ч утгаараа Монголд аялж, "эрүүл агаарт ирсэн" нь энэ байсан байж магадгүй байгаа юм.