Япон улсын Киото мужид сураггүй алга болсон 11 настай хүүгийн цогцос олдсоны дараа түүний эцгийг баривчилсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.
37 настай эцэг нь хүү Адачи Юүкигийн цогцсыг Нантан хот орчимд хаясан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд тэрбээр урьдчилсан мэдүүлэгтээ уг үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, хүү гуравдугаар сарын 23-нд сургууль руу явсан ч хичээлдээ ирээгүй нь багшийн анхааралд өртөж, улмаар гэр бүлийнхэн болон цагдаад мэдэгдснээр эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Эцэг нь тухайн өдөр хүүгээ сургуулийн ойролцоо буулгасан гэж мэдүүлсэн байна. Хүүгийн цогцсыг энэ долоо хоногийн даваа гарагт сургуулиас хоёр орчим километрийн зайд, ой модтой бүс дэх замын хажуугаас олсон бөгөөд үүргэвч, өмсөж явсан гутлыг нь тус тусад нь өөр өөр газраас илрүүлжээ. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр ил харагдах гадны гэмтэл тогтоогдоогүй ч нас барсан хугацааг гуравдугаар сарын сүүл үе гэж үзэж байна. Хэргийн шалтгаан, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.