БАРИМТ: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" өөрчлөлтгүй хэмээн дүгнэгдэж, аудитын шалгалтанд "тэнцжээ"

БАРИМТ: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" өөрчлөлтгүй хэмээн дүгнэгдэж, аудитын шалгалтанд "тэнцжээ"

Үндэсний аудитын газраас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын нэгдсэн дүнг танилцууллаа. Аудитын дүгнэлтээр нийт 8.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байна. Харин энэ удаагийн аудитын дүнгээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани зөрчилгүй буюу өөрчлөлтгүй дүгнэлт авсан цөөн компанийн нэгээр тодорчээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2025 оны санхүүгийн үзүүлэлтүүд нь үйл ажиллагааны үр ашиг, орлогын өсөлтөөрөө дээд хэмжээнд хүрсэн байна.

Тодруулбал, 593.1 тэрбум төгрөгийн орлого олж, улс болон орон нутгийн төсөвт 246.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн 72.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь тус компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1993 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. Үүнээс гадна “Чингис хаан” үндэсний баялгийн санд 75.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төрийн өмчит компанийн засаглал, санхүүгийн сахилга бат ямар түвшинд хүрч болохыг харуулсан тод жишээ боллоо.

-ЦЭВЭР АШГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ 142 ХУВИАР ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖ, 72 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ-

Үйлдвэрлэлийн хувьд тус компани өнгөрсөн онд нийт 2 сая 458 мянга 800 тонн төмрийн хүдрийн баяжмал ачуулж, 28 мянга 430 тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулжээ. Үүний үр дүнд 585 тэрбум 813 сая 600 мянган төгрөгийн борлуулалтын орлого олж, 72 тэрбум 182 сая 200 мянган төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Ингэснээр цэвэр ашгийн төлөвлөгөөг 142 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлттэй гарсан байна. 

Бүтээгдэхүүний экспорт ч мөн 200 давсан хувийн өсөлттэй байна. Тухайлбал, Дархан терминалаас 1 сая 453 мянга 500 тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оноос 220 хувиар, харин Төмөртэй терминалаас 1 сая 3 мянга 100 тонн хүдэр гаргасан нь 260 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

-УЛСЫН ВАЛЮТЫН САНД 127 САЯ АМ.ДОЛЛАР ТӨВЛӨРҮҮЛЖ, ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ДАВУУЛАН БИЕЛҮҮЛЖЭЭ-

Монгол Улсын Засгийн газрын 135 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, гадаад валютын нөөцийг өсгөх чиглэл өгсөн. Энэ хүрээнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2025 онд төлөвлөгөөнөөс гадна 117 сая ам.долларын нэмэлт орлогыг улсын валютын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд гүйцэтгэлээр 127.4 сая ам.доллар төвлөрүүлж, төлөвлөгөөг давуулан биелүүлсэн байна.

Ийнхүү дийлэнх төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд  зөрчил илэрсэн аудитын дүнгийн дунд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК санхүүгийн сахилга бат, ашигт ажиллагаагаараа онцгойрсон нь төрийн өмчит компани ингэж ажиллаж болдгийг харуулсан онцлог үйл явдал болжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө