Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс санаачилсан уг арга хэмжээний хүрээнд Бага тойруу доторх 86 байршилд нийт 185 албан хаагч хяналт тавьж ажиллахаар боллоо.
Хяналтыг нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаагаас бүрдсэн баг гүйцэтгэх бөгөөд олон нийтийн цагдаа нарыг тусгай сургалтад хамруулах юм. Энэхүү зохицуулалт нь скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй осол, эндэгдлийг бууруулах зорилготой бөгөөд явган хүний замаар зорчихыг хориглож, авто замын баруун хөвөөгөөр зорчих шаардлагыг тавьж байна. Албаныхны мэдээлснээр, 16 нас хүрээгүй хүүхдүүд скүүтер, мопед унаж осол гаргах тохиолдол гарсаар байгаа нь анхаарал татаж буй асуудал юм. Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр “Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй” хэмээн онцолж, аж ахуйн нэгжүүдийг хариуцлагатай ажиллахыг уриаллаа. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон нийслэлийн Засаг даргын 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:
- Бага тойруу дотор дугуйн тэмдэглэгээгүй явган замаар скүүтер, мопед унахыг хориглох
- Дугуйн зам дээр явган зорчигчийг зорчихгүй байх, харин унаачид явган зорчигчид зам тавьж өгөх
- Скүүтер, мопедын зориулалтын тэмдэг, тэмдэглэгээг авто замд байршуулах
- Зориулалтын зогсоолын тоог нэмэгдүүлэх
- Цаашид скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэх
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай оролцохыг холбогдох байгууллагуудаас уриалж байна.