Дөрөвдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зүүн аймгуудын хэд хэдэн суманд гарсан хээрийн гал түймрүүдийг Онцгой байдлын байгууллагууд шуурхай арга хэмжээ авч бүрэн унтраасан байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн “Ланз” гэдэг газар гарсан түймрийн дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 12:25 цагт хүлээн авчээ. Гал түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги болон бусад аймаг, сумдын мэргэжлийн ангиуд оролцож, нийт 89 хүн, 14 автомашинтай ажилласан байна. Уг түймрийг 04 дүгээр сарын 11-ний 00:35 цагт цурамд оруулж, 04 дүгээр сарын 12-ны 19:30 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 120 мянган га талбай шатжээ.
Мөн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Баруун тариа” гэдэг газар гарсан өөр нэг хээрийн түймрийн дуудлагыг 04 дүгээр сарын 10-ны 13:20 цагт хүлээн авч, 75 хүн, 11 автомашинтайгаар унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Түймрийг тухайн өдрийн 22:45 цагт цурамд оруулж, 04 дүгээр сарын 12-ны 10:05 цагт бүрэн унтраасан бөгөөд 34,800 га талбай өртөж шатсан байна.
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Бадрахын хоолой” гэдэг газар гарсан хээрийн түймрийн дуудлагыг 04 дүгээр сарын 10-ны 22:40 цагт хүлээн авчээ. Уг түймрийг унтраахад Онцгой байдлын алба хаагчид болон аж ахуйн нэгжийн ажилтнууд нийлсэн 43 хүн, 6 автомашинтай ажиллаж, 04 дүгээр сарын 12-ны 05:00 цагт цурамд оруулан, 14:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 120 мянган га талбай шатсан байна.
Харин Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Арын худаг” гэдэг газар гарсан хээрийн түймрийн дуудлагыг 04 дүгээр сарын 12-ны 12:45 цагт хүлээн авч, Онцгой байдлын газар, цагдаагийн алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтран шуурхай ажиллажээ. Ингэснээр түймрийг 13:45 цагт цурамд оруулж, 14:20 цагт бүрэн унтраасан байна. Энэ түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай өртсөн байна.
Онцгой байдлын байгууллагаас иргэдийг хуурайшилт ихтэй энэ үед гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ил задгай гал гаргахгүй байх, хариуцлагатай байхыг онцгойлон анхааруулсаар байна.