ТАНИЛЦ: “Матаачдын” хууль хэмээн 2021 онд  УИХ-аар дэмжигдээгүй “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг ХЗДХЯ, АТГ дахин боловсруулж, УИХ-д өргөн барилаа

ТАНИЛЦ: “Матаачдын” хууль хэмээн 2021 онд УИХ-аар дэмжигдээгүй “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг ХЗДХЯ, АТГ дахин боловсруулж, УИХ-д өргөн барилаа

Олон улсын авлигын төсөөллийн индексийг жил бүр гаргадаг "Трансперенси Интернэшнл" байгууллага 2025 оны судалгааны дүнгээ танилцуулсан билээ. Энэхүү судалгаанд 182 улс хамрагдсанаас Монгол Улс 33 оноо авч, 124 дүгээр байрт жагссан нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт болов. Тус байгууллагын тайланд Монгол Улсын зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай таван чиглэлийг онцолсны нэг нь “хүний эрх хамгаалагч болон шүгэл үлээгчийн бодит хамгаалалтыг бүрдүүлэх” асуудал байв. Өөрөөр хэлбэл, авлига, зөрчлийг илчлэх иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул байгаа нь индекс ухрах шалтгааны нэг гэж дүгнэжээ.

Ийм нөхцөлд Хууль зүй, дотоод хэргийн яам болон Авлигатай тэмцэх газар хамтран боловсруулсан “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төслийг Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, яаралтай горимоор Монгол Улсын Их Хуралд өргөн бариад байна. Энэхүү хуулийн төслийг өмнө нь 2021 онд УИХ-д өргөн барьж байсан ч дэмжигдээгүй. Тухайн үед зарим гишүүд “матаачдын хууль” хэмээн шүүмжилж, шүгэл үлээгчийг хамгаалах механизм сул, мөн мэдээллийг хүлээн авч шалгах байгууллагын эрх, үүрэг тодорхойгүй байна гэж үзэн унагасан юм. Тэгвэл дахин УИХ-д өргөн бариад буй “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” анхдагч хуулийн төсөл өмнөх хуулийн төслөөс ямар онцлог, ялгаатайг танилцуулья.

"ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦАД ХАМААРАХ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛЬД ЗААСАН ТУСГАЙ СУВГААР МЭДЭЭЛНЭ"

2021 оны төсөлд хуулийн үйлчлэх хүрээг хэт ерөнхий байдлаар тодорхойлсон байв. Тухайлбал, “нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээд”-д үйлчилнэ гэж заасан нь ойлгомжгүй, хэрэгжилтэд эргэлзээ дагуулж байлаа. Мөн зарим төрлийн албан хаагчийг хамруулахгүй байхаар хязгаарласан нь шүүмжлэл дагуулсан. Харин шинэчилсэн төсөлд энэ асуудлыг тодруулж, шүгэл үлээгч мэдээлэл гаргах үедээ нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан, эсхүл учирч болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэлтэй байсан бол шалгалтын үр дүнгээс үл хамааран шууд хамгаалалтад хамруулна гэж тусгажээ. Мөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг шууд олон нийтэд бус, хуульд заасан тусгай сувгаар мэдээлэх боломжийг нээсэн нь өмнөхөөсөө илүү бодит хамгаалалтын зохицуулалт болжээ.

"НЭРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖИЙГ АНХ УДАА ТУСГАВ"

Шинэчилсэн төслийн нэг онцлог нь шүгэл үлээгч өөрийн мэдээллийг нууцалж, нэргүй мэдээлэл өгөх эрхийг хуульчилсан явдал юм. Тодруулбал, Хуулийн төслийн наймдугаар зүйлд

  • Шүгэл үлээгч нэргүй мэдээлэл гаргаж болно
  • Нэргүй мэдээлэл нь баримт, үндэслэлтэй бол хүлээн авахаас татгалзахыг хориглоно
  • Мэдээлэл өгсөн этгээдийг илрүүлэх зорилгоор мөрдөн мөшгөхийг хориглоно гэж тус тус заажээ.  Энэ нь иргэдийг айдасгүйгээр мэдээлэл өгөх нөхцөлийг бүрдүүлэх чухал заалт болж байна.

“ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИЙГ ДЭМЖИХ НЭГЖ БАЙГУУЛНА"

Өмнөх төсөлд мэдээлэл хүлээн авах, шалгах байгууллагын бүтэц тодорхойгүй байсан нь гол сул тал байв. Прокурор, цагдаа, АТГ зэрэг олон байгууллагад зэрэг хамааруулсан нь эрх мэдлийн давхардал, хийдэл үүсгэнэ гэж үзэж байлаа. Харин шинэ төсөлд энэ асуудлыг шийдэж, “Шүгэл үлээгчийг дэмжих нэгж”-ийг тусгайлан байгуулж, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын албанд ажиллуулахаар тусгажээ. Тус нэгж нь мэдээллийг хүлээн авах, бүртгэх, холбогдох байгууллагад шилжүүлэх, хамгаалалтыг зохион байгуулах, урамшуулал олгох, иргэдэд мэдээлэл, сургалт хүргэх, нэгдсэн тайлан гаргах зэрэг бүх үйл ажиллагааг төвлөрүүлэн хэрэгжүүлэхээр юм байна.

"СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛОО НЭХЭМЖЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО"

Шинэчилсэн төсөлд нөхөн төлбөрийн зохицуулалтыг илүү тодорхой болгож, хамрах хүрээг өргөтгөсөн байна. Үүнд:

  • Алдсан цалин, орлого, урамшуулал
  • Ажлаас халагдсан, албан тушаал буурснаас үүссэн хохирол
  • Хууль зүйн туслалцаа, хамгаалалтын зардал
  • Нэр төр, мэргэжлийн үйл ажиллагаанд учирсан хохирол
  • Сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжлэх боломжтойгоор тусгажээ.

Мөн шүгэл үлээгч болон түүнтэй холбоотой этгээд гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тусгай сангаас нөхөн төлбөр авах эрхийг нээлттэй болгосон байна.

"МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ 1 САЯАС 5 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛНО"

Өмнөх төсөлд мөнгөн урамшууллын хэмжээ 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэл байхаар тусгасан бол шинэчилсэн хувилбарт 1 саяас 5 тэрбум төгрөг хүртэл болгон нэмэгдүүлжээ. Энэ нь зөрчил, авлигыг илчлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг болно гэж үзэж байна.

Ийнхүү өмнөх төслийн сул талыг засч, хамгаалалт, хариуцлага, зохион байгуулалтын механизмыг тодорхой болгосон “Шүгэл үлээгчийг хамгаалах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Цаашид уг төсөл холбогдох байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх хууль зүйн шат дарааллын дагуу үргэлжлэх юм. 

2021 онд УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.

2026 онд УИХ-д өргөн барьсан хуулийн төслийг ЭНД дарж уншина уу.