Монгол Улсаас Украин Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Украин Улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Н.Оюундарь Монгол, Украин хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Володимир Зеленський Элчин сайд Н.Оюундарийг Украин Улсад хавсран суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхээ онцлон тэмдэглэлээ. Монгол Улс, Украин Улс дипломат харилцаа тогтоох тухай Протоколд 1992 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд 2027 онд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиох юм.