Туул гол дээгүүр хурдны зам барих Туулын хурдны зам төсөл иргэдийн эсэргүүцэлтэй тулж байгаа. Учир нь Туул гол бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр бөгөөд үүн дээгүүр гүүрэн байгууламж бүхий хурдын зам барих нь байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулна хэмээн үзэж буй. Тэгвэл Усны тухай хуульд усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барихыг хориглодог байсан ч Туулын хурдны замыг барихын тулд эл хуульд өөрчлөлт оруулсан байгаа юм.
-ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ БАРИХЫН ТУЛД “УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ” ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАГАЛДУУЛЖ УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ЗАМААР ХУУЛИЙН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙЖЭЭ-
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу баруун аймаг руу салдаг эмээлтийн тойрог хүртэл нийт 32 км, зургаан эгнээ бүхий хурдны зам бөгөөд 8 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 13 байршилд нийт 9878 метрийн урттай гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннел тус тус барихаар төлөвлөжээ. Төсөвт өртөг нь 2.3 их наяд. Гэвч хуулиар гол, мөрний онцгой хамгалалтын бүсэд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барихыг хориглодог байв. Иймд эл хуулийн өөрчлөлт хэрхэн хийгдэв гэдэг асуудал анхаарал татаж байна.
Хотын дарга Х.Нямбаатар анх “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн барьж байсан. Эл хуулийн хоёрдугаар бүлэгт нь “Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, авто зогсоол” байгуулахаар тусгаж байсан талаар энд онцлон дурдъя. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд яг энэ хэсэг олон нийтийн эсэргүүцэлтэй тулсан учир төлбөртэй бүсээр зорчиход төлбөр авах тухай заалтыг эргүүлэн татсан байдаг. Тэгвэл түрдээ эргүүлэн татсан уг төслийг тусад нь хуульчилж, 20 минутын хот Үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэнгээр өргөн бариулсан.
Ингэхдээ Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор нэр бүхий 6 хуульд өөрчлөлт оруулж байсны нэг нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байсан юм.
Эл төсөлд зааснаар усны онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барихыг хориглоно гэж заасан байсныг “нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих инженерийн дэд бүтэц, барилга байгууламжаас бусад” тохиолдолд хориглодог байхаар өөрчилсөн байна. Энэ нь заалт нь Туулын хурдны замыг барихад зориулсан өөрчлөлт гэж үзэж болох бөгөөд “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд Туулын хурдны замыг барихаар батлагдаад байв.
ВИДЕО:
Эрх Чөлөөний Эвсэл иргэдийн хөндөж буй (#SaveTuul) асуудалтай холбоотой аливаа улс төрийн шийдвэрийн талаар олон нийтийг мэдээллээр хангах эрх үүрэгтэй билээ.
— Erh Chölöönii Evsel (@Liberte1206) March 22, 2026
Туул гол дотор авто зам барих "хуулийн хулгайг" УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд АН танилцуулж, УИХ баталсан болно.… pic.twitter.com/83H5vVUyfs
Хуулийн өөрчлөлтийг тодруулбал,
22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.
22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж өөрчилсөн байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8 дахь хэсэг гэдэг нь "нийтийн зориулалттай дэд бүтэц" буюу нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг хэлсэн байгаа юм.

-УГ ХУУЛИЙГ ИРГЭДИЙН АНХААРАЛ СУЛАРСАН ҮЕД БУЮУ НААДМЫН АМРАЛТЫН ӨМНӨХ ӨДӨР БАТАЛСАН БАЙНА-
Мөн Усны тухай хуульд усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд онцгой хамгаалалтын бүс тогтооно гэсэн заалт бий. Энэ зай уг нь 75 метр байсан ч 2022 онд хуульд өөрчлөлт оруулж, 50 метр болгож өөрчилсөн удаатай. Дээрх хуулийн төслийг хэлэлцэж байх үед энэ зайг 50 метрээс ч багасгах шаардлагатай гэсэн агуулгыг ч Хотын дарга Х.Нямбаатар ярьж байв. Ийнхүү Туулын хурдын замыг барихдаа хуульд нийцүүлэхийн тулд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Х.Нямбаатар тухайн үеийн 20 минутын хот Үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэнгээр өргөн бариулж, УИХ-аар батлуулсан байгаа юм.
Тодруулбал, эл хуулийн төслийг өнгөрсөн он буюу 2025 оны зургаадугаар сард Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьж батлуулсан байдаг бөгөөд батлахдаа долдугаар сарын 9-ний өдөр буюу наадмын амралтын өмнөх өдөр баталжээ.
“Чоно борооноор” гэгчээр баяр наадмын үеэр буюу иргэд, олон нийтийн анхаарал суларсан байх тэр үед Усны тухай хуулийн өөрчлөлтийг баталсан гэж харж болохоор байна. Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН гурав хоногийн завсарлага авах санал тавьсан ч тухайн үеийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саналыг хүлээж аваагүй байдаг. Ингэснээр өнөөдөр нийслэлчүүдийн ундны усны үүсвэр буюу Туул гол дээгүүр гүүрэн байгууламж барих хуулийн нөхцөл бүрджээ.