Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ

Өнгөрсөн сард 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард төлөвлөгөөт тав, төлөвлөгөөт бус 14 удаагийн хяналт шалгалтад 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон 110 гадаадын иргэн, 237 уригч байгууллага, 4 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, таван аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр 12 улсын 87 иргэнийг албадан гаргав. Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр гадаадын 65 иргэнийг хилээр оруулалгүй буцааж, гурван иргэнийг хилээр гаргалгүй буцаажээ.