Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын шүүх хурлыг ирэх сарын 13-ныг хүртэл хойшлуулав

Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын шүүх хурлыг ирэх сарын 13-ныг хүртэл хойшлуулав

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.03.23/ болж, хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлуулжээ. Энэ хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргаж байсан юм.

Эргэн сануулахад, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.

Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлож, үргэлжилж байна.