Т.Намнанбаяр: Ж.Нарантунгалаг багшийнхаа удирдлага дор тууштай хөдөлмөрлөн ялагч болж, хагас тэрбум төгрөгийг Монголдоо авчирсандаа баяртай байна

Т.Намнанбаяр: Ж.Нарантунгалаг багшийнхаа удирдлага дор тууштай хөдөлмөрлөн ялагч болж, хагас тэрбум төгрөгийг Монголдоо авчирсандаа баяртай байна

“Шандас ММА” клубын мэргэжлийн холимог тулаанч Т.Намнанбаяр БНХАУ-ын JCK (Jue Cheng King) холбооны тэмцээнд амжилттай тулалдаж, нэг сая юанийн шагнал хүртсэн нь өнгөрсөн амралтын өдрүүдийн онцлох үйл явдлын нэг байлаа. Энэ амжилт нь түүний олон жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн юм.

Эх орондоо ирсэн даруйдаа бэлтгэлдээ орсон түүнтэй бид бэлтгэлийнх нь дундуур цөөн хором ярилцлаа. Түүний хүртсэн хагас тэрбум төгрөгтэй дүйцэх энэхүү шагнал нь Монголын холимог тулааны түүхэн дэх хамгийн өндөр шагналуудын нэгт тооцогдож байна.

ВИДЕО:

– Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
– Сайн байцгаана уу. Би мэргэжлийн холимог тулааны тамирчин, MGL холбооны 70 кг-ын аварга, JCK (Jue Cheng King) холбооны тамирчин Т.Намнанбаяр байна.

– Холимог тулаанаар хэдэн жил хичээллэж байна вэ?
– Би 2019 оноос Ж.Нарантунгалаг багшийнхаа удирдлага дор мэргэжлийн холимог тулааны бэлтгэл хийж эхэлсэн. Тэр жилдээ анхны тулаандаа орж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол тулалдаж байна. Ж.Нарантунгалаг багшийн багш болох Япон улсын дасгалжуулагч Ари Жүничи анх менежерийн үүрэг гүйцэтгэж, JCK холбооны удирдлагуудтай холбож өгсөн. Ингэснээр Хятадын тамирчин, жингийнхээ чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан Ван Цэтэй анхны тулаанаа хийсэн. Тэр тулаанд ялснаар JCK холбоонд гэрээ байгуулах боломж нээгдсэн.

 

– Энэ удаагийн тулааны онцлог юу байв?
– Энэ удаагийн тулаан онцлогтой байсан. Учир нь үндсэн гэрээнээс гадна нэг сая юань буюу 522 сая төгрөгийн шагналын сантай цуврал тэмцээнд оролцох эрхийн төлөө тулалдсан. Тэр боломжоо ашиглаж, ялалт байгуулсандаа баяртай байна.

– Өрсөлдөгчийн тухайд?
– Миний өрсөлдөгч JCK холбооны жингийнхээ дээд эрэмбийн тамирчдын нэг байсан. Манай жинд 20 гаруй тамирчин өрсөлддөг бөгөөд тус холбоонд дэлхийн 20-30 орны тамирчид тулалддаг. Энэ удаад эхний үед, ойролцоогоор минут 10 секундын дотор ялалт байгуулсан. Өмнө нь бид нэг удаа таарч, гуравдугаар үед боолтоор ялж байсан. Ингэснээр би түүнийг хоёр удаа дараалан яллаа.

– Сүүлийн үед иргэд холимог тулааны талаар илүү ойлголттой болж байна. Энэ спортын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
– Холимог тулаан Монголд дөнгөж хөгжиж эхэлж байгаа биш. Харин аль хэдийнээ тодорхой түвшинд хүрсэн гэж боддог. Манай багш Ж.Нарантунгалаг анх дэлхийн аварга болж байсан бол сүүлд Б.Энхоргил ах аварга болж, дэлхийн хэмжээнд амжилт гаргасан. Мөн UFC зэрэг дэлхийн томоохон холбоодод Монголын 2-3 тамирчин тулалдаж байна. Энэ нь манай улсын холимог тулаан мэргэжлийн түвшинд хөгжиж буйн тод жишээ. Цаашид улам өсөж, өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

– Үзэгч, дэмжигчдэдээ хандаж юу хэлэх вэ?
– Телевизийн цаанаас биднийг дэмжиж, “ялаасай” гэж хүсэж суугаа хүн бүрийн сэтгэл бидэнд маш их хүч өгдөг. Та бүхэндээ баярлалаа. Цаашид ч биднийг үргэлжлүүлэн дэмжээрэй. Илүү олон сайхан тулаанаар уулзъя.

"ШАВЬ МААНЬ ЭНЭ ТЭМЦЭЭНД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ, МОНГОЛЫН ТУЛААНЫ СПОРТЫН ХӨГЖИЛД ТОМООХОН ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА"

Энэ талаар МУГТ Ж.Нарантунгалаг хэлэхдээ" Энэ тэмцээн аваргын бүсний төлөө биш ч шагналын сан маш өндөр байсан. Монголын тамирчид өмнө нь ийм хэмжээний шагналын төлөө өрсөлдөж байгаагүй. Т.Намнанбаяр маань энэ тэмцээнд ялалт байгуулсан нь Монголын тулааны спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан амжилт боллоо. JCK буюу Jue Cheng King холбоо нь Хятадын тэргүүлэх холбоодын нэг. Жил бүр 8-16 тамирчныг оролцуулсан хасагдах шатны тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн тамирчинд нэг сая юанийн шагнал олгодог.

Т.Намнанбаяр өнгөрсөн жил тус холбоонд гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин болж, шилдэг наймд багтан, дараалан гурван ялалт байгуулснаар энэ тэмцээнд оролцох эрхээ авсан. Анх 12 дугаар сард товлогдож байсан ч хойшилсоор энэ оны гуравдугаар сарын 21-нд болж, амжилттай ялалт байгууллаа.

Өнөөдөр манай залуус маш их хөдөлмөрлөж, бие биенээ дэмжин хамтдаа хөгжиж байна. Амжилтын 80-90 хувь нь тамирчдын өөрсдийнх нь хөдөлмөрийн үр дүн юм. Монгол тамирчид гадаадын холбоодын гол тулаанд оролцож, ялалт байгуулж байгаа нь манай холимог тулаан мэргэжлийн түвшинд хүрснийг баталж байна. Энэ бүх амжилт бол олон багш, дасгалжуулагч, хамт олны хүч хөдөлмөрийн үр дүн гэж бодож байна” гэв.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө