Сэлэнгэ, Ховд аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Сэлэнгэ, Ховд аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт ой, хээрийн гурван түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан бол Сэлэнгэ, Ховд аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Шоргоолж” гэх газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 23-ны өдрийн 13:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж, сумын мод бэлтгэлийн 18 иргэн гурван автомашин, хоёр трактортойгоор унтраах ажиллагаанд оролцсон байна. Улмаар тухайн өдрийн 22:26 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар зургаан га орчим талбай шатжээ.

Харин Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн “Дэнж” гэх газар, Дөргөн нуурын аралд хулс шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 17:30 цагт ирсэн байна. Түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид, Дөргөн болон Чандмань сумын мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид болон орон нутгийн иргэдээс бүрдсэн нийт 95 хүн, 15 автомашинтайгаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн 1 дүгээр багийн “Баянгол” гэх газарт гарсан хээрийн түймрийн дуудлага гуравдугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан болон орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан байна.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө