БАРИМТ: Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгийг нь өгөөгүй байхдаа Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн болгосон байжээ

БАРИМТ: Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг худалдан авахаар гэрээ байгуулж, мөнгийг нь өгөөгүй байхдаа Улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн болгосон байжээ

А.Амундра нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг авахын тулд П.Хишигбаярыг авлига, эхнэр Б.Нандин-Эрдэнийг нь койны хэрэгт холбогдуулсан байж магадгүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, "Херо энтертайнмент групп"-ийн Б.Баатар нарт "дээрэмдүүлсэн" талаар иргэн П.Хишигбаяр өчигдөр /2026.03.23/ цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийсэн.

ВИДЕО: 

Тэрбээр "2021 оны 11 сард “Гэрэгэ” тауэрын 14 давхрыг манай компани шилжүүлж авч байсан. Улмаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын эзэмшлийн “Херо” энтертайнмент компанид 1 сая ам.доллароор худалдах гэрээ хийн тус барилгад оруулж байсан. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд ямар ч төлбөр хийлгүй сууж явсан. Тэр хугацаанд нь төлбөр мөнгөө хийхийг олон удаа шаардаж, холбогдох албан бичгийг хүртэл удаа дараа өгч байлаа. Энэ бүхэн баримттай бас гэрчтэй. Жишээлбэл, нэг удаа 2024 онд Баянгол зочид буудлын нэг давхрын фитнес зааланд Б.Баатартай төлбөрийн талаар очиж уулзах үед намайг “ална шүү бацаан минь, аятайхан байгаарай” гэж заналхийлж байсан. Үндсэндээ энэ хүмүүс эрх мэдлээрээ бусдыг айлгаж ирсэн хүмүүс юм байна гэдгийг би ойлгосон.

2025 оны нэгдүгээр сард надад хэрэг тохож, 19 хоног цагдан хориулж, 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан.

Ямар ч мөнгө төлөөгүй. Би тухайн үед энэ бол дээрэм гэдгийг нь хэлэх үед намайг цагдан хоригдож байх үед ичсэндээ 1.5 тэрбум төгрөгийг манай компанийн данс руу хийсэн байсан" хэмээн мэдэгдсэн юм. 

"Гэрэгэ тауэр"-ын 14 давхрын Улсын бүртгэлийн гэрчилгээ

-Б.БААТАР НАР "ГЭРЭГЭ ТАУЭР"-ЫН 14 ДАВХРЫГ "ГРИЙНПИНУС" ХХК-ААС ХУДАЛДАН АВАХААР ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ӨДРӨӨ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРГУУЛАН АВСАН БАЙНА-

Тэгвэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, "Херо" Б.Баатар нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг дээрэмдэж, өөрийн болгох гэж байсан байж болзошгүй баримтыг бид энэ удаад дэлгэж байна. Тодруулбал, "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг “Монголын самрын кластер” ТББ-ын гишүүн "Грийнпинус" гэх компани  2021 онд "Германстандарт" ХХК-аас худалдан авч, тус оныхоо арваннэгдүгээр сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч байжээ.

Улмаар тухайн компани уг оффисоо "Гэрэгэ таур"-ын 15 давхарт үйл ажиллагаа явуулдаг "Херо энтертайнмент групп"-д нэг сая ам.доллароор худалдан борлуулахаар аман тохиролцоо хийж, тус 14 давхарт нь А.Амундра нар оффислох болсон байгаа юм.

Гэвч тэд гурван жилийн хугацаанд ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн тухай оффисын талбайг худалдах, худалдан авах асуудлыг хариуцаж байсан П.Хишигбаярыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, 19 хоног цагдан хорьсон байдаг аж. 

Гурван жилийн хугацаанд "Грийнпинус" компанитай төлбөр тооцоо хийгээгүй, оффист нь үйл ажиллагаагаа явуулдаг байсан гэх "Херо энтертайнмент групп" П.Хишигбаярыг ийнхүү шалгагдаж байх хугацаанд буюу 2025 оны нэгдүгээр сарын 08-ны /2025.01.08/ өдөр хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж, компанийн өөрийн үйл ажиллагаанд зориулан Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 17 дугаар байр 14 давхарт байршилтай, Y-2203029416 дугаарт бүртгэгдсэн 476.7 мкв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах шийдвэрийг гаргаж, гэрээ байгуулж, гарын үсэг зурах эрхийг компанийн гүйцэтгэх захирал Б.Баатарт олгосон байна. 

"Грийнпинус" ХХК болон "Херо энтертайнмент групп"-ийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээ

Улмаар дээрх шийдвэрийн маргааш буюу 2025 оны нэгдүгээр сарын 09-ний /2025.01.09/ өдөр "Херо энтертайнмент групп"-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, "Грийнпинус" ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Хадбаатар нар "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрын 476.7 мкв талбайтай оффисын барилгыг худалдах худалдан авах гэрээг байгуулжээ. Ингэхдээ тус оффисыг гурван жилийн өмнө 1 сая ам.доллар буюу ойролцоогоор 3.3 тэрбум гаруй төгрөгөөр худалдахаар ярилцаж байснаас даруй нэг дахин бага буюу 1.5 тэрбум төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг нь 2025 оны нэгдүгээр сарын 20-ны дотор "Грийнпинус" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дугаар тоот дансанд шилжүүлэхээр гэрээлсэн байна.

Гэтэл "Херо энтертайнмент групп" нь гэрээний дагуу мөнгөө шилжүүлээгүй байхдаа буюу гэрээ байгуулсан өдрөө л үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч, "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг өөрийн болгосон байгаа юм. 

Үүнээс үзэхэд, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын 50/50 хувийн хувьцаа эзэмшилтэй "Херо энтертайнмент групп" нь "Грийнпинус" ХХК-ийн эзэмшлийн "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг төлбөрийг нь төлөөгүй байж улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргуулан авч, "дээрэмдсэн" байх талтай байна. Иргэн П.Хишигбаярын мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нь асуудал олны анхааралд орж, зохиомол хэрэг нь явцгүй болох үед дээрх оффисын төлбөр болох 1.5 тэрбум төгрөгийг төлсөн гэдгийг тодотгосон нь учиртай аж. 

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Б.БААТАР НАР ЗЭХ ЗЭЭЛИЙН ХАНШААС ХОЁР ДАХИН БАГА ҮНЭЭР "ГЭРЭГЭ ТАУЭР"-ЫН 14 ДАВХРЫГ ХУДАЛДАН АВЧЭЭ-

"Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нар нэг мкв-ыг нь 3.1 сая орчим төгрөгөөр худалдан авсан нь энд анхаарал татаж байна. Учир нь тухайн үед буюу 2025 оны нэгдүгээр улиралд "Гэрэгэ тауэр"-т оффисын талбай нэг мкв нь 7.9 сая төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Энэ ч утгаараа "Грийнпинус" ХХК-ийнхан "Херо энтертайнмент групп"-т дээрх оффисоо гурван жилийнхээ түрээсийн төлбөр, өсөн нэмэгдэж буй зах зээлийн ханшаараа оффисоо худалдах саналыг ч тавьж байсан гэх мэдээлэл бий.

Гэвч худалдан авагч тал болох "Херо энтертайнмент групп"-ийнхэн уг саналыг хүлээж авах бус харин тухайн худалдах, худалдан авах гэрээний асуудлыг хариуцаж, Б.Баатар нартай харилцаж байсан П.Хишигбаяр, түүний эхнэр Б.Нандин-Эрдэнэ нарыг хэрэгт холбогдуулан шалгагдаж байх үед нь "Грийнпинус" ХХК-ийн А.Хадбаатартай оффисыг нь маш хямд үнээр худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан, тэднийг гарцаагүй байдалд оруулсан уу гэх хардлагыг төрүүлж буй юм.

Ямартай ч захиалгатай байж болзошгүй гэх хэрэгт холбогдсон П.Хишигбаяр, Б.Нандин-Эрдэнэ нар нь "Грийнпинус" ХХК-ийн А.Хадбаатар нь П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнийн дүү нь аж. Энэ ч утгаараа П.Хишигбаяр нь "Гэрэгэ тауэр"-ын 14 давхрыг "Херо энтертайнмент групп"-т худалдан борлуулах асуудлыг хариуцаж байсан бөгөөд түүнд болон түүний эхнэрт холбогдуулан шалгасан хэргүүд нь энэ бүх асуудлын зангилааг хөвөрдөж байгаа хэрэг. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө