Г.Занданшатар “Төрд авна, ард түмэндээ хүртээнэ” гэж Венесуэлийг сүйрүүлсэн улс төрчидтэй тун төстэй зүйл яриад байна

Г.Занданшатар “Төрд авна, ард түмэндээ хүртээнэ” гэж Венесуэлийг сүйрүүлсэн улс төрчидтэй тун төстэй зүйл яриад байна

Монгол Улс өдгөө баялгаа зөв удирдаж, иргэдээ тогтвортой баян болгосон Норвегийн зам, баялгаа улс төрийн хэрэгсэл болгож, популизм хийж, эцэст нь ард түмнээ ядууруулсан Венесуэлийн зам гэсэн уулзвар дээр зогсож байна. 

-ХАЛАМЖ ТАРААЖ, УЛС ТӨРИЙН ОНОО АВАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОСОН НЬ ВЕНЕСУЭЛИЙГ СҮЙРҮҮЛСЭН-

1920-оод онд анх газрын тос илэрсэн Венесуэл улс 20 дугаар зууны дунд үе буюу 1950-1980 оны үед газрын тосны үнийг тогтоох нөлөөтэй хамгийн том экспортлогч, Латин Америкийн хамгийн баян улс төдийгүй нийслэл Каракас хот нь бүс нутгийн санхүүгийн төв байсан гэдэг. Харин Венесуэл улс газрын тосны салбарыг төрд авч, орлогыг нь халамж болгон тарааж, хувийн хэвшлийг шахаж, эдийн засгаа төрөлжүүлж чадаагүй, авлига нь дэлгэрсний улмаас өдгөө ядуурал, хүнсний хомсдолтой “хамгийн муу орон”-ын нэг жишээ болсон.

Тодруулбал, 1999-2013 оны хугацаанд Уго Чавесын эрин эхэлж, тэрээр социалист бодлого баримталж, хувийн компаниудыг улсын мэдэлд авч, нефтийн орлогыг шууд төсөвт оруулаад халамж болгон тарааж, популист бодлогоо сонгуулийн хэрэгсэл болгон “жинхэнэ сүйрэл” дагуулсан гэдэг. Харин 2013 оноос Н.Мадурогийн үе эхэлж, тэрээр Уго Чавесын бодлогыг үргэлжлүүлж, нэмээд мөнгө их хэмжээгээр хэвлэснээр хүнс, эмийн хомсдол нүүрлэж, 8 сая гаруй хүн гадагш дүрвэсэн гэдэг. 

Товчхондоо, хувийн хэвшлээ шахаж, эдийн засгаа төрөлжүүлээгүй, зах зээлийн үнийг төр нь тогтоож, ганц нефтээс олдог орлогоо “Баялгийг ард түмэнд тараая, Бүгдэд мөнгө өгье, Зээл тэглэе” гэж халамж болгон улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон нь Венесуэлийн дампуурал, сүйрлийн гол шалтгаан болсон байдаг. 

Иймд өнөөдрийн Венесуэлийн иргэний сард авдаг цалин нь хэдхэн өдрийн хүнсэндээ л хүрдэг тул ихэнх хүн 2-3 ажил зэрэг хийдэг, эсвэл гадаадад суугаа төрөл саднаасаа мөнгө гуйдаг, олон хүн зөвхөн талх, будаа, өндөг л авч чаддаг төдийгүй энэ улсад мах, сүү, эм тансаг хэрэглээ болсон гэдэг. Мөн мөнгөн дэвсгэртийнх нь тоо их, үнэ цэн бага тул тэрэг дүүрэн мөнгө түрээд талх авах үе ч байдаг гэсэн. Иймээс Венесуэл хүн өдөр бүр “өнөөдөр хоол олдох болов уу” гэж бодож сэрдэг гэсэн хэлц ч гарчээ. Хамгийн гунигтай нь энэ бол дайн, байгалийн сүйрэл биш ерөөсөө л төрийн буруу бодлого, популизм, авлигын үр дүн юм.

-НОРВЕГ УЛС ОРЛОГОО ИРЭЭДҮЙН САНДАА ХУРИМТЛУУЛЖЭЭ-

Тэгвэл 1969 онд анх газрын тос илэрсэн Норвег улс орлогыг шууд зарцуулдаггүй, харин “тэтгэврийн сан” зэргийг байгуулж, ирээдүйд зориулж хуримтлуулсан байгаа юм. Иймээс Норвегийн нефтийн сан 1.4 их наяд ам.долларт өдгөө хүрчээ. Мөн хувийн хэвшлийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгаа нефть, загас, үйлдвэрлэл, технологи зэргээр төрөлжүүлсэн гэдэг. Өдгөө Норвегийн инфляц 3-5 хувиар л хэмжигдэж, ядуурал маш бага, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ дэлхийд шилдэгт тооцогдож, дэлхийн хүмүүсийн очихыг хүсдэг газрын нэг болжээ.

-МОНГОЛ УЛС ЯГ ОДОО ВЕНЕСУЭЛ, НОРВЕГИЙН УУЛЗВАР ДЭЭР БАЙНА-

Манай улс яг одоо баялагтай мөртлөө ядуу Венесуэлийн зам, тогтвортой баян Норвегийн зам зам гэсэн “уулзвар” дээр зогсож байна. Харин Венесуэлийн эдийн засаг нефтээс хамааралтай бол Монгол Улс уул уурхайгаас хамааралтай, мөн популист улс төрчидтэй, халамжаа улс төрийн оноо авах хэрэгсэл болгож ашиглаад, төрд бүгдийг төвлөрүүлэх бодлого барьж, авлига буурахгүй байгаа нь Венесуэлтэй тун төстэй үйл явц өрнөөд байгаа гэхэд болно.

Тухайлбал,  Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед буюу 2024 оны дөрөвдүгээр сард “стратегийн орд эзэмшигчдийн 34-50 хүртэлх хувийг төр үнэ төлбөргүй авна” гэсэн хуулийн заалтыг “Ашигт малтмалын тухай хууль”-д Б.Баттөмөр нарын гишүүд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр оруулж, батлуулсан. Ингэснээр манай улсад хөрөнгө оруулах хүмүүсийн урсгал “нам” зогссон гэдэг.

Учир нь үйлдвэр бариад үүнийхээ 34-50 хувийг төрд үнэгүй өгөх “тэнэг” хөрөнгө оруулагч хаана нь байхгүй. Нөгөөтэй Л.Оюун-Эрдэнийн үед хувийн хэвшлийг дарамтлах, нэр хүндийг нь унагаах, төрд авах нэрийдлээр бараг хувийн хэвшлийг “дээрэмдэх” нь хэрээс хэтэрч байсан.

Харин Ерөнхий сайд Г.Занданшатар дэл, сул үгэндээ ч “Төрд авлаа, мөнгө хүртээнэ” гэж мэдэгдэх болоод байна. Тухайлбал, тэрээр саяхан болсон шинэ жилийн үеэр, “85 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлээд байна. Мөн “Төгрөг нуур”, “Төмөртэйн овоо” зэрэг ордуудыг төрдөө буцааж авлаа. Стратегийн ордууд болон “Олон овоод”, “Бор тээг”-ийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хүүхэд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ үр өгөөжийг нь хүртээнэ” гэж мэдэгдлээ. 

Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарын “төрд авлаа, баялгийг ард түмэндээ тараана” гэсэн популизм богино хугацаанд хар масст таалагдах ч, урт хугацаандаа эдийн засгийг устгадаг гэдгийг Венесуэлийн жишээ харуулж байна. Мөн хувийн хэвшлийг төвдөө тавьж чадахгүй, төрийн оролцоо, хяналтыг чухалчлаад байвал авлига буурахгүй, “сүйрэл” авч ирдэг гэдгийг ч Венесуэлийн түүх харуулж байна. Харин төрийн данхар бүтцээ танаж, төрийн өмчит компаниудаа цөөлж байж л авлигаас салдаг, хувийн хэвшлээ хамгаалж, эдийн засгаа төрөлжүүлээд байж л тогтвортой баян улс болно гэдгийг Норвег улс дэлхийд харуулж байна.