“Хатан туулaa хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс "Туулын хурдны зам" төслийг байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулна хэмээн эсэргүүцэж, Хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тайван жагсаал хийж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор хуульд заасны дагуу харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газраас Үндсэн хуулиар олгосон эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийнхээ хүрээнд зөвшөөрөл хүссэн ч татгалзсан хариу өгчээ.
Тодруулбал, нэр бүхий иргэд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон нийслэл хотоос хэрэгжүүлж буй "Туулын хурдны зам" төсөл нь Туул голын экосистемийг устгаж, байгаль экологид сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй тул дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 12:00-15:00 цагт Сүхбаатарын талбайд 500 хүртэлх хүний бүрэлдэхүүнтэй эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандсан байна. Гэтэл тус газраас "Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бүртгэгдсэн олон нийтийн арга хэмжээтэй давхацсан тул бүртгэж авах боломжгүй" гэх хариуг өгчээ. Мөн бүртгэлгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулснаас үүдэн гарах бүхий л хохирол, сөрөг үр дагаврыг зохион байгуулагчид бүрэн хариуцахыг анхааруулсан байна.
Ташрамд өгүүлэхэд, Сүхбаатарын талбайд Нийслэлээс зохион байгуулж байгаа "Улаанбаатарын хавар-2026" нэгдсэн арга хэмжээ болж байгаа юм.
