Өнгөрсөн баасан гарагт /2026.04.04/ АНУ-ын F-15 сөнөөгч онгоцыг Ираны талаас буудан унагасны дараа тус онгоцны хоёр нисгэгч шүхрээр бууж амжсан ч нэг нь сураггүй болоод байсан юм. Эрэн хайх ажиллагааг эхлүүлснээс хойш ням гарагт хоёр дахь нисгэгчийг эсэн мэнд олж, аврах ажиллагаа амжилттай болсон талаар АНУ-ын тал мэдээллээ.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр аврах ажиллагаанд тусгай хүчнийхэн, дайны онгоц, нисдэг тэрэг, тагнуулын байгууллагууд оролцсон бөгөөд сураггүй болсон нисгэгч уулын бүсэд нуугдан, холбооны дохиогоо хязгаартай ашиглаж байжээ. Улмаар тагнуулын байгууллагууд түүний байршлыг тогтоон, Пентагонд мэдээлснээр аврах ажиллагаа шийдвэрлэх шатанд хүрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар “Бид хүнд шархадсан зоригтой офицероо Ираны уулсын дундаас оллоо” хэмээн мэдэгдэж, уг ажиллагааг цэргийн түүхэнд онцлох амжилт хэмээн тодотгожээ. Мөн хоёр тусдаа ажиллагаагаар АНУ-ын хоёр нисгэгчийг дайсны гүн нутаг дэвсгэрээс аварсан нь ховор тохиолдол болохыг онцолсон байна. Эхний нисгэгчийг онгоц унасан даруйд аварсан бол хоёр дахь гишүүнийг хэд хоногийн дараа олж, Кувейтэд хүргэн эмчилж байгаа аж. Энэхүү үйл явдал нь сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд АНУ-ын сөнөөгч онгоцыг дайсны тал унагаасан анхны тохиолдол болж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC