Ж.Баярмаа: Сэтгүүлчийн ажил ёс зүйд суурилдаг. Үүнийг мэргэжлийн редакци л чиглүүлнэ /ВИДЕО/

Ж.Баярмаа: Сэтгүүлчийн ажил ёс зүйд суурилдаг. Үүнийг мэргэжлийн редакци л чиглүүлнэ /ВИДЕО/

Сэтгүүлзүйн салбарыг "Дөрөв дэх засаглал", "Нийгмийн толь" зэргээр олон янзаар тодорхойлдог. Үргэлж нийтийн эрх ашгийг хамгаална гэдэг ч сэтгүүлчид өөрсдийн эрх ашгийг ярьж байсан нь цөөн биз. Гэсэн ч сүүлийн жилүүдэд техник технологи хөгжихийн хирээр сэтгүүлзүйн салбар цаашлаад сонин, телевиз зэрэг хэрэгтэй юу гэх зэргээр энэ салбараа нүд үзүүрлэж эхэлсэн. Сэтгүүлчид нь хүртэл шууд дамжуулалт л чухал мэтээр аашилж байсан нь нууц биш. Харин цар тахлын жилүүд мэргэжлийн редакцын хандалт бус ёс зүй, үнэн зөвд суурилсан мэдээ, мэдээлэл бидэнд “Ус агаар” шиг чухал гэдгийг ойлгуулсан билээ.

ВИДЕО:

Харин өдгөө сэтгүүлчдийн нэр хүнд улам л унасаар. Үүний нэг шалтгаан нь тодорхой редакцгүй, агуулга бус хандалт хөөсөн, нийтлэлийн бодлогогүй, мэргэжлийн бус лайвчид олширсонтой холбоотой гээд хэлчихэд үнэнээс нэг их хол зөрөхгүй биз. Угтаа сэтгүүлчийн ажил ёс зүйд суурилдаг. Эх сурвалжаа хайрлах, хүндэтгэх, хамгаалахаас эхэлдэг. Гэтэл өдгөө тэдэнд ёс зүй бус хандалт авах лайв, эсвэл илт нэг талыг барьж улайрах чухал болсон. Энэ тутам сэтгүүлзүй, сэтгүүлчдийн нэр хүнд уруудсаар. Зөвхөн нэр хүнддээ ч биш. Хамгийн гол нь энэ салбарт итгэх иргэдийн итгэл унасаар. Цаашлаад чимээгүйхэн урдах ажлаа хичээнгүйлэн хийдэг мэргэжлийн сэтгүүлчид нь хүртэл өөрсдөө тэднээс залхаж, салбараа орхиж эхэллээ. Тэгвэл сэтгүүлзүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод бусад асуудлаар МУИС-ийн сэтгүүлзүй, олон нийттэй харилцааны тэнхимийн багш Ж.Баярмаатай ярилцлаа.

"ЁС ЗҮЙГЭЭ БАРЬДАГГҮЙ, ХҮНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ ХИЙДЭГГҮЙ БОЛ ЗАХ ЗЭЭЛЭЭС АРЧИГДАНА"

-Өдгөө сэтгүүлзүйн салбар, сэтгүүлчдийн нэр хүнд тааруу болжээ. Сэтгүүлчдийг шантаажчин зэргээр нэр хоч өгч шүүмжлэх хүмүүс улам л нэмэгдсээр. Сэтгүүлч, сэтгүүлзүйн салбарын нэр хүнд унасан шалтгааныг судлаачид, мэргэжилтнүүд юутай холбож тайлбарладаг вэ?

-Сэтгүүл зүйн салбар бол нийгмийн толь гэдэг. Хэдийгээр нийгэмд болж буй үйл явдлыг харуулж байгаа толь мөн боловч нөгөө талаасаа манай нийгэм ямар байгаа вэ гэдгийг харуулж байна гэсэн үг. Ардчиллын индекс, хүний эрхийн үзүүлэлт, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа нь энэ салбарт нөлөөлж байдаг гэсэн үг. Нөгөө талд Монгол Улсын сэтгүүлзүйн салбар маш залуу. 1913 онд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар гарсан цаг хугацаанаас сэтгүүлзүйн салбарын хөгжлийг ярьж эхэлнэ. Улмаар 1990 оны Ардчилсан хувьсгал гарснаар чөлөөт хэвлэл үүсэж эхэлсэн. Ингээд үзвэл бид 30 гаруйхан жил чөлөөт хэвлэлтэй болсон гэсэн үг. Тийм болохоор одоогийн энэ үзэгдлийг цаг хугацааны эрхээр голдиролдоо орно гэж боддог. Бид туулах ёстой зүйлээ л туулж байна. Миний хувьд хэвлэл мэдээллийн орчин нөхцөлийг Либертари онолын талаас нь хардаг.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол бизнесийн зах зээл. Үнэхээр мэргэжлийн байж чадвал энэ зах зээлд тэсэж үлдэнэ. Ёс зүйгээ барьдаггүй, хүнд хэрэгтэй зүйл хийдэггүй бол зах зээлээс арчигдана.

Гэхдээ бид цар тахлын жилүүдэд мэргэжлийн редакцын бэлтгэсэн ёс зүйтэй мэдээ, мэдээлэл ямар чухал болохыг ойлгосон шүү дээ. Тухайн үед дэлхий даяар сонин, сэтгүүлч нар байх хэрэгтэй юу гэж ярьж байсан. Тэгэхээр энэ мэтээр зах зээлийн жамаараа бид туулах зүйлсээ туулж байна гэж үзэж байгаа.

"ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙГАА СЭТГҮҮЛЧДИЙГ ҮЗЭХЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ"

-Угтаа бол ямар ч хүн ярилцлага өгөхгүй, үзэл бодлоо илэрхийлэхгүй байх эрхтэй шүү дээ. Гэтэл өдгөө дижитал сэтгүүлзүй хөгжихийн хирээр шууд лайвдах, бэлтгэлгүй байхад тулгаж асуудаг. Хүний санаандгүй хэлсэн үг бүрийг эвлүүлж тавьдаг. Энэ мэт ёс зүйгүй үйлдлүүд сэтгүүлчдийн нэр хүндийг унагааж байна гэж хараад байна.

-МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн хувьд хоёрдугаар курст орох үеэс эхлэн ёс зүйн хичээл орж эхэлдэг. Сэтгүүлчийн ёс зүйгүй эдгээр үйлдлүүд бол нэг төрлийн дээрэм юм хэмээн хэлж, тайлбарладаг. Нөгөө талд Хэвлэл мэдээллийн зөвлөл гээд ёс зүйн өөрийн зохицуулалтын байгууллага байгаа. Тус байгууллагат хандаж болдог гэдгийг иргэдэд танин мэдүүлэх чухал. Үнэхээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа сэтгүүлчид гомдол гаргах эрх нь нээлттэй шүү дээ.  Энэ бол зүй ёсны хэрэг. Манай салбар хүний нөөцийн дутагдалтай, хүссэн хүн ажиллах техник технологийн боломжтой болсон энэ үед уншигч, үзэгчид хэрсүү болох хэрэгтэй байна. Үнэхээр ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа бол хэрэглэгч дахиж үзэхгүй болох хэрэгтэй байгаа юм. Үзэгчгүй болсон сэтгүүлч ажлаа хийх боломжгүй шүү дээ.

-Үзэгч өөрөө үзэхгүй, дагахгүй байж ёс зүйгүй сэтгүүлчид энэ салбараас гарах юм байна. Тэгвэл бид өөрсдөө юу хийх вэ. Жамаараа энэ асуудал цэгцэрнэ гэж хүлээсээр байх уу?

-Хорвоо дэлхий дээр сайн ч хүн, муу ч хүн бий. Үүнтэй л ижил. Сэтгүүлчид дунд сайн, муу бий гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ салбар бол туршлагатай, туршлагагүй, хөгшин, залуу, мэргэжлийн, мэргэжлийн бус гээд янз бүрийн бүлэг хүмүүсийн төлөөлөл. Тэр бүгдэд нэг стандарт тавьж, бүгд ёс зүйтэй байх ёстой гэх нь маш төвөгтэй. Харин энэ асуудлыг тэнцвэртэй авч явах нь редакцын бодлого. Сэтгүүлч ёс зүйн алдаа гаргахаас өмнө сэргийлэх, дадлагажуулах, сургах, мэргэжлийн ёс зүйтэй байхыг тухайн редакцын бодлого шийднэ. Тэгэхээр сэтгүүлч ёс зүйгүй байна гэж дүгнэхэд учир дутагдалтай болчхож байгаа юм. Мөн нөгөө талд сэтгүүлчийн ажилд өөрийн суурь зан араншин, зорилго зэрэг олон зүйл нөлөөлж байдаг.

-Сэтгүүлчдийн ёс зүйн зарчим гээд бид дагаж мөрдөх, санаж явах баримт бичигтэй. Та ч бас сэтгүүлч ёс зүйтэй байх хэрэгтэй гэж яриад байна. Тэр сэтгүүлчийн ёс зүй гэдэг зүйл юунаас эхэлдэг юм бэ?

-Сэтгүүлчийн ажил өдөр тутам байнга сонголт хийж байдаг. Ямар сэдэв сонгох, хэн гэдэг эх сурвалж сонгох, аль баримтаа голлож авах, гарчиг хэрхэн өгөх зэрэг. Харин тухайн сэтгүүлчийн хийсэн сонголт бүр ёс зүй шаарддаг. Нөгөө талд хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол бизнесийн байгууллага шүү дээ. Бизнесийн зарчмаараа ч мөн адил ёс зүйтэй мэдээ, мэдээлэл үнэ цэнд хүрч зарагддаг. Хүнд хэрэгтэй, нийтийн эрх ашгийг хамгаалсан мэргэжлийн редакцын бэлтгэсэн ёс зүйтэй мэдээ зарагдана гэсэн үг. Тийм л учраас сэтгүүлчийн ажил ёс зүйтэй салшгүй холбоотой.

-Та хүний нөөц дутагдалтай байгаа гэх шалтгаанаар хэн бүхэн ажиллах гээд байгаа талаар дурдлаа. Гэхдээ энэ салбарыг хүний нөөцийн дутагдалтай байгаа нэг шалтгаан нь төр, яам, агентлаг зэрэг бүгд дэргэдээ хэвлэлийн албатай болчихсон байгаатай холбоотой санагддаг?

-Тийм ээ. Нөлөөлж байгаа нэг зүйл мөн. Гэхдээ сэтгүүлчдийг буруутгах араггүй. Төрд л мөнгө байгаад байна шүү дээ. Нөгөө талд компаниуд олон нийтийн харилцааны мэргэжилтэн гэх албан тушаалд сэтгүүлч нарыг их авдаг болсон. Тэгэхээр цалин болоод бусад хангамж сайн учир төрийн байгууллагат хэвлэлийн албанд ажиллах эсвэл аль нэг компанид олон нийтийн харилцааны мэргэжилтэн хийсэн нь сэтгүүлч нарт ашигтай байна гэсэн үг. Манай сургуулийг гэхэд жил тутам дунджаар 50 гаруй оюутан төгсдөг. Тэднээс яг сэтгүүлч мэргэжлээрээ 10 орчим нь ажиллаж байна. Гэхдээ том зургаар нь харвал зөвхөн сэтгүүлзүйн салбар бус бүх салбар хүний нөөцийн дутагдалтай байгаа. Манай улсын залуучууд сурч боловсрох, ажиллаж, амьдрахаар гаднын улсыг их зорьж байна. Үүнтэй холбоотойгоор бүх салбарт л хүний нөөц дутагдаж байгаа харагддаг.

"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ТӨРИЙН ХАРААТ БАЙЖ БОЛДОГГҮЙ ГЭДГИЙГ БИД МАХ, ЦУСАНДАА ШИНГЭТЭЛ ОЙЛГОСОН"

-Эрх баригч нам хоёр хуваагдаж улс төрийн нөхцөл байдал хүндэрлээ. Энэ үед манай салбар дотроо хоёр хуваагдаж буй зүйл ажиглагдлаа. Ер нь сэтгүүлзүйн салбар төртэй ямар байдлаар ажиллах ёстой вэ. Дахин улс төрийн ийм нөхцөл байдал гарлаа гэхэд бид яаж ажиллах ёстой юм бол?

-Төр, хэвлэл мэдээллийн байгууллага хоёр хоорондоо ямар харилцаатай байх вэ гэдэг асуудал үргэлж байсаар ирсэн. Манай улс түүхэндээ 1913 онд анхны сонинтой болсон. Улмаар 1921 оноос социалист дэглэм рүү ороход хэвлэл мэдээлэл төрийн хараат болчихсон. Үүнээс хэвлэл мэдээлэл төрийн хараат байж болдоггүй юм байна гэдгийг мах цусандаа шингэтэл сургамж авсан. Үзэл бодлоо илэрхийлэх эрх, агуулгыг хязгаарладаг юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Улмаар 1990 он гарахад бид тэр л сургамжаараа хуульдаа зааж өгсөн. Тухайлбал, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төр ХМХ-ийн агуулгад одоо цензур тавихгүй, агуулгыг хянах байгууллага байгуулахгүй гэж заасан шүү дээ. Тэгэхээр төртэй найз байх уу, дайсан байх уу гэдэг бол нөхцөл байдал бүрд өөр байна гэсэн үг. Үнэхээр улс, эх оронд ашигтай зүйл хийж байхад хэвлэл мэдээллийн байгууллага шүүмжлээд байж болохгүй гэсэн үг. Тэр тэнцвэртэй байдлыг редакц, сэтгүүлч ёс зүйгээрээ барьж байх ёстой.

-Дижитал сэтгүүлзүй хөгжихийн хирээр шинэ тутам бидэнд олон асуудал гарч байна. Үүний нэг бол тухайн сэтгүүлч өөрийн үзэл бодлоо цахим хуудастаа илэрхийлэх нь тухайн редакцын бодлого гэж харагдах. Энэ асуудлыг олон улсад хэрхэн шийддэг вэ?

-Интернэт ертөнц, дижитал медиатай холбоотой эрх зүйн асуудлууд шинэ тутам дэлхий дахинд бол их төвөгтэй асуудал болж байна. Дэлхийн улс орнуудад зарим редакц улс төр, эдийн засаг, нийгмийн чухал үйл явдлын талаар үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй шүү гэдгийг зөвшилцдөг. Яагаад гэвэл та манай мэдээллийн хэрэгслийн нүүр царай юм шүү гэж үздэг. Монголд ч энэ төрлийн зөвшилцөл хийдэг газар ганц нэг бий. Гэхдээ бүгд хийх ёстой гэх нь маш хэцүү. Яг одоо одоогийн нөхцөл байдалд тухайн нөхцөл байдалд тохируулж, ажиллах болоод байна. Үнэхээр тухайн ХМХ-ийн нүүр царай болчихсон хүний хувьд бас л асуудал. Ингээд харахаар маш олон шинэ асуудлууд одоо гарч ирсэн төвөгтэй үед л бид амьдарч байна.

-Хэвлэл мэдээллийн байгууллагат үнэхээр дуртай, хайртай хүмүүс л ажилладаг. Тэгвэл бид энэ салбарынхаа нэр хүндийг яаж өргөх вэ?

- Хүмүүс сэтгүүлчдийг ихэнхдээ улс төртэй холбодог. Гэхдээ улс төр, нийгэм, эдийн засаг гээд тогтворгүй байгаа нь л маш их нөлөөлж байна. Нөгөө талд хүмүүсийн ухамсар, сэтгэлгээ ч чухал. Нийгэм нь сайжрах юм бол бид нарын ажлын нөхцөл сайжирна гэсэн үг. Мэдээж, тэр цагийг хүлээж суухгүй. Сургалтын байгууллага болон сэтгүүлчид хаа хаанаа хичээх л хэрэгтэй болоод байна.