Түрээсийн үнэ 4 дахин өссөн тул Өргөө кино театр Шангри-Ла дахь салбараа хаана

Түрээсийн үнэ 4 дахин өссөн тул Өргөө кино театр Шангри-Ла дахь салбараа хаана

Шангри-Ла худалдаа, үйлчилгээний төвд байрлах Өргөө-3 кино театр 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсны эцэст салбараа хаахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Тус кино театрын зүгээс үйл ажиллагаагаа өндөрлүүлж буйтай холбогдуулан “10 жилийн ойн талархлын аян”-ыг зарлаж, Өргөө-3 салбарт гарч буй бүх киноны тасалбарыг 50 хувийн хямдралтай үнээр худалдаалж эхэлжээ.

Харин салбар хаагдах болсон шалтгааны талаар үйлчлүүлэгчдэдээ тайлбарлахдаа, “Shangri-La Mall түрээсийн үнэлгээгээ дөрөв дахин нэмэгдүүлсэн. Үүний улмаас цаашид түрээсийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх эдийн засгийн боломжгүй болсон тул гэрээгээ дуусгавар болгохоор шийдвэрлэлээ” хэмээн мэдэгдсэн байна.  Ингэснээр нийслэлийн төв хэсэгт байрлах Өргөө кино театрын хамгийн сүүлийн үеийн салбаруудын нэг болох Өргөө-3 кино театр 10 жилийн үйл ажиллагаагаа ийнхүү өндөрлүүлэхээр болжээ.