Сүүлийн өдрүүдэд нийслэлийн иргэдийн гар утсанд дулаан зогсоол, гараашийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөх тухай мессежүүд ирж эхэлсэн. Өмнө нь ийм татвар төлж байгаагүй олон хүн гайхаж, шинээр татвар гаргаад ирэв үү гэх хардлага ч нийгэмд тархаж байна. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь хуулийн хүрээнд хэрэгжиж буй арга хэмжээ юм.
- ДУЛААН ЗОГСООЛ, ГАРААШ ГЭХ МЭТ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨС 0.6-2.0 ХУВИЙН ТАТВАР АВНА -
Асуудлын гол нь татвар шинээр бий болоогүй, харин олон жилийн турш шат дараатайгаар батлагдсан хууль, тогтоолуудын үр дагавар өнөөдөр иргэдийн хаалгыг тогшиж эхэлсэн явдал юм. Эрх мэдэлтнүүд нэмэлт өөрчлөлтийг сэмхэн, сэмхэн шургуулж, хууль тогтоолоо батлуулчихаад иргэдэд хүргэхийг хичээдэггүй, иргэд ч буцаагаад тоодоггүй. Үүнээс үүдэн үл хөдлөхтэй иргэд татварын "өрөнд" орсноо утасны мессежнээс мэдэж байгаа аж.
"Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хууль"- д дээрх зохицуулалтыг тодорхой тусгаж өгсөн байх бөгөөд уг хуулийн төсөл 2000 онд батлагдан хэрэгжсээр байгаа юм. Энэ хугацаанд нэг сонирхолтой үйл явц ажиглагдаж байгаа нь тус хуулийн зөвхөн нэг заалтанд гурван удаа нэмэлт өөрчлөлт орсон байх аж. Тодруулбал, 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн өөрчлөлтөөр “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг ... аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна” хэмээн тусгасан байна.

- Г. ЗАНДАНШАТАРЫН УДИРДСАН ПАРЛАМЕНТ 0.6- 1.0 ГЭСЭН ТООГ 0.6-2.0 БОЛГОН НЭМЖ ӨӨРЧИЛСӨН-
Харин 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан парламентын баталсан нэмэлт өөрчлөлтөөр 0.6-1.0 гэсэн тоог 0.6-2.0 болгож өөрчилжээ. Ингээд хамгийн сүүлийн 2024.06.05-нд оруулсан нэмэлт өөрчлөлтөндөө харьяалах газрын нэршлийг өөрчилсөн буюу жишээлбэл, "нийслэлд" гэснийг "нийслэл, нийслэлийн харьяа хотод" гэх мэтээр өөрчлөөд тус нэмэлт өөрчлөлтийн дөрөвдүгээр зүйлд “Энэ хуулийг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг оруулжээ.
Харин "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2024 оны зургаадугаар сарын 5-нд батлагдсан бөгөөд 2026 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхээр хуульдаа тусгасан байна. Өмнө нь авдаггүй байсан татвар гэнэт гарч ирээд, иргэдийн "дон дон" хийж татварын мессеж ирээд байгаагийн учир энэ байх магадлалтай юм.

- Х.НЯМБААТАР НИТХ-ЫН ХУРАЛДААНААР НИЙСЛЭЛИЙН 204 ХОРООГ ТАВАН БҮСЧЛЭЛД ХУВААЖ, ТАТВАР АВАХ ХЭМЖЭЭГ ТОГТООСОН-
Энэ өөрчлөлтүүдийн завсраар буюу 2023 онд тухайн үеийн хотын дарга Х.Нямбаатар НИТХ-аар үл хөдлөх хөрөнгийн татварын бүсчлэлийг шинэчлэн батлуулжээ. Учир нь 2019 оноос хойш Улаанбаатар хотод 52 шинэ хороо байгуулагдсан бөгөөд хуучин тогтоолд эдгээр хороог татварын ангилалд хамруулаагүй байв. Ингээд нийслэлийн нийт 204 хороог бүсчилж, байршлаас нь хамааран 1.0, 0.8, 0.6 хувийн татвар ногдуулах тогтолцоог шинэчлэн баталсан байна. Ингэхдээ Улаанбаатар хотын 204 хороог таван бүсчлэлд хувааж гурван хэсэгт ангилсан бөгөөд I хэсгээс 1 хувь, II хэсгээс 0.8 хувь, III хэсгээс 0.6 хувийн татвар авахаар болсон аж.
Үүнийг жишээ татан задалж харвал, 50 сая төгрөгийн үнэтэй гарааш Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлаж байвал 500 мянган төгрөг, Хан-Уул дүүргийн 4‑р хороонд байвал 400 мянган төгрөг, Налайх дүүргийн 1-р хороонд байвал 300 мянган төгрөгийн албан татварыг нэг жилд төлөхөөр байна.
Энд нэг зүйлийг тодруулахад дулаан зогсоол, гараашаас авч буй татвар нь анхны үнийн дүнгээр тооцогдох юм.

Энэ татвар нэг хэсэг чимээгүй болж хэн ч сануулахгүй явсаар өнөөдөр Н.Учралын Засгийн газар, Хотын дарга Б.Пүрэвдагва нарын үед бодитоор хэрэгжиж эхэлж байгаа нь энэ. Товчхондоо бол Г.Занданшатар татварын дээд хязгаарыг нэмэгдүүлж өгсөн, Х.Нямбаатар "аль дүүргийн зогсоол, гараашаас хэдэн төгрөгийн татварын жил бүр авах" бүсчлэлээ батлуулсан бол Ерөнхий сайд Н.Учрал, Хотын дарга Б.Пүрэвдагва нар хэрэгжилтийг нь хангаж байна гэсэн үг.
- ГАРААШТАЙ БАЙСНЫХАА ТӨЛӨӨ МӨНГӨ ТӨЛӨХ ЮМ БОЛ ГАДАА ТАВЬСАН НЬ ДЭЭР -
Гарааш, зогсоолтой холбоотой маргаанд мартаж болохгүй нэг асуудал нь Улаанбаатар хотын түгжрэл. Түгжрэлийг бууруулах хамгийн зөв шийдэл бол зогсоол юм гэдгийг мэргэжлийн инженерүүд ярьдаг. Энгийн иргэд ч үүнийг өдөр тутамдаа бодит амьдрал дээр мэдэрсээр байгаа. Нийслэлээс сүүлийн жилүүдэд түгжрэл бууруулах зорилгоор олон зохицуулалтуудыг хийж буй. Тодруулбал, зөвшөөрөлгүй газар машинаа байрлуулсан бол зургийг нь аваад явуулдаг, нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулсан бол ачаад аваад явдаг тогтолцоог ч угсраад амжсан.
Гэтэл бас эдгээр ажлуудтайгаа зэрэгцээд дулаан зогсоолоос татвар авч эхэлсэн нь иргэдийн дунд "гарааштай байсныхаа төлөө мөнгө төлөх юм бол гадаа тавьсан нь дээр" гэсэн хандлага гаргах эрсдэл үүсгээд байгаа юм. Мэдээж татвар авах нь төрийн эрх, татвараа хэнээс авах нь ч мөн адил. Гэхдээ хот үнэхээр түгжрэлээ бууруулахыг хүсэж байгаа бол зориулалтын гарааш, дулаан зогсоол эзэмшигчдийг дэмждэггүй юм гэхэд, нэмэлт татвараар "дарамтлахгүй" байх хэрэгтэй болов уу.