Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо

2026-06-15 17:03

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо.

Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна. Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа. Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.

 

2026-06-15 07:48

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийн олонхын санал авсан Ц.Цогтыг энэ сарын 18-ны дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилно

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан тул түүний оронд шүүгч Ц.Цогтыг томилуулахыг тус шүүхийн нийт шүүгчдийн олонх нь дэмжээд байгаа билээ. 

Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт "Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгоно" гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 03-ны /2026.06.03/ өдөр болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцсэн байдаг. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон юм.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36.7-д Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар томилно гэж заасан байдаг бөгөөд энэ дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 18-ны өдрийн дотор Ц.Цогтыг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид томилох юм. 

Учир нь Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 03-ны болсон бөгөөд Ц.Цогтыг томилуулах албан бичгийг тус өдрийн маргааш буюу зургаадугаар сарын 04-ний өдөр Ерөнхийлөгчид хүргүүлсэн аж. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын санал авсан Ц.Цогтыг ирэх пүрэв гарагийн дотор томилох учиртай. 

Харин өдгөө Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч Ч.Хосбаяр орлон гүйцэтгэж байгаа юм байна. Бид дээрх томилгооны талаар эргэн мэдээлэх болно.