ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт цээжний хөндийн хүнд гэмтэлтэй иргэнд яаралтай мэс засал, эмчилгээ үзүүлжээ.
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс орон нутгийн иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилгоор алсын дуудлагын баг ажиллуулж байгаа бөгөөд энэ хүрээнд Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, сувилагч Б.Жавзандулам, жолооч Б.Пүрэвбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын эхээр Хөвсгөл аймагт ажилласан байна. Тэд орон нутгийн эмч нартай хамтран яаралтай мэс заслын тусламж үзүүлсэн бөгөөд багт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг болон Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид хамтран оролцжээ. ГССҮТ нь алслагдсан бүс нутгийн иргэдэд тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, төвлөрлийг сааруулах зорилгоор энэхүү ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байгаа юм байна.