Нийгэм эдийн засгийн цаг үеийн байдлаар УИХ, ЗГ-т шаардлага хүргүүлэх болсон талаар Монголын барилгачдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийлээ.
Тэдний төлөөлөл "Төр засаг нь тогтворжиж үндсэн ажлаа хийгээч гэж шаардаж байна. Улсын төсөв бүрдэж байгаа эсэхийг ил зарлаач ээ. Хэрэв бүрдэхгүй байгаа бол бид ажил хиймээргүй байна. Бид өнгөрсөн таван жилийн хугацаанд дөрвөн сайдын нүүр үзлээ. Хэрвээ одоогийн Засгийн газар дахин огцрох юм бол бид тав дахь сайдтайгаа учрах гэж байна. Энэ мэт улс төрийн тогтворгүй байдал барилгын салбарт хортой үр дагавар авчирч байна. Сайд солигдох бүр доод түвшний газар, хэлтсийн дарга нар, яамны бүтэц, аппарат 70-80 хувь солигддог. Үүний улмаас салбарын бодлого, тогтолцоо алдагдсан. Норм, норматив, техникийн бодлого, хууль эрх зүй, эдийн засгийн бодлого гээд бүхэн тасалдсан. Үүнээс болж барилгачид, цаашлаад ард иргэд хохирч байна. Учир нь барилгачид бол ард түмэн шүү дээ. Иймээс төр, засгийн шийдвэр гаргагчид ухаалгаар, хариуцлагатай хандаж, тогтвортой бодлого баримаар байна. Барилгын салбарын бизнесийн орчныг харвал төсөв хүрэлцэхгүй олон барилга зогсонги байдалд орсон. Улс төрчид “барилгын компаниуд жил бүр төсвөө нэмүүлэх гэж сууж байдаг” гэж ярих нь бий. Гэвч энэ асуудал сүүлийн жилүүдэд цэгцэрч эхэлсэн, бид дөрвөн жил дараалан ярьсны үр дүнд ойлголт бий болсон. Гэвч сайдууд солигдох бүрд бодлого дахин алдагддаг. Жишээ нь цалин, тарифын бодлого бүрэн доголдсон. 2009 онд батлагдсан барилгын ажилчдын тариф 2024 он хүртэл хэрэгжиж ирсэн. Энэ хооронд олон компани хохирсон. Одоогийн мөрдөж буй тариф нь зах зээлийн цалингаас хоёр, гурав дахин бага. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх гэж жагсаж байгаа, бид тэднийг дэмжиж байна. Гэхдээ бид жагсаал цуглаан хийж, эмх замбараагүй байдал үүсгэхийг хүсэхгүй. Энэ асуудлыг бид 2021 оноос хойш тавьж ирсэн. Барилгын компаниудын онцлог нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил гүйцэтгэдэг. Тэдний цалин, тээвэр, материалын зардлыг төсөвт тогтоосон тарифаар тооцдог. Гэтэл зах зээлийн үнэ байнга өсөж байхад тариф нь дагаж өөрчлөгддөггүй. Үүнээс шалтгаалан компаниуд алдагдал хүлээж байна. Энэ асуудлыг шийдэхээр бид хоёр жилийн турш ажиллаж, 95 дугаар тушаал гаргуулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байсан.
Улмаар УИХ-ын 52 дугаар тогтоол гарсан. Тогтоолоор “2009 оны цалингийн түвшнээр 2024 он хүртэл ажиллуулсан нь буруу, үүнийг засах ёстой” гэж заасан. Гэвч өнөөдөр хүртэл хэрэгжээгүй байна.
Сүүлийн 7-8 сарын хугацаанд төсвийн хэлэлцүүлэгт бид идэвхтэй оролцож, энэ тогтоолын хэрэгжилтийг шаардаж ирсэн. Гэвч төсөвт тусгагдаагүй. Тиймээс бид Барилгын яам, Сангийн яаманд дахин шаардлага хүргүүлээд байна. Мөн Барилгын яам, Барилгын хөгжлийн төв, Үндэсний аудитын газар, Төсвийн байнгын хороо гээд холбогдох бүх байгууллагад хандсан. Ганцхан асуудал нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хийгдээгүй байгаад гацчихаад байна. Барилгын яам энэ дүгнэлтийг гаргахгүй, өнөөдрийг хүрлээ. Энэ нь бас улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэж бид харж байна. Сайд нь байх ч юм уу, байхгүй ч юм уу гэдэгт эргэлзэж байгаа болохоор шийдвэр гаргахгүй байгаа хэрэг. Барилгын салбарын 3 талт хэлэлцээр буюу Барилгын яам, Барилгын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбооны хамтын хэлэлцээр 5-р сард хийгдэх ёстой байсан ч Засгийн газрын солигдлоос шалтгаалан хойшлогдсон. Энэ хэлэлцээрийг 9-10 сард дуусгах ёстой ч өнөөдөр хүртэл хийгдээгүй байна. Тиймээс бид төр, засгаа тогтвортой байлгаж, салбарын удирдлагыг тогтвортой ажиллуулахыг уриалж байна. УИХ-ын 52 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, улсын төсвийн бодит орлого, зардлын мэдээллийг ил тод болгохыг хүсэж байна. Энэ бүхэнд төрийн тогтворгүй байдал, улс төрийн хариуцлагагүй байдал шууд нөлөөлж байна. Иймээс бид Батамгалан сайдыг солихыг эсэргүүцэж байна. Таван жилийн дотор таван сайдын нүүр үзмээргүй байна. Сайд нэг бүрэн ажиллах боломжтой байг. Мөн барилгын салбарын томоохон асуудал нь ажиллах хүчний хомстол. Дотоодын хөдөлмөрийн нөөцөө бодитоор тооцож, хаана ямар хэмжээний ажиллах хүчин байна вэ гэдгийг тодорхойлж, бодлогын түвшинд шийдэх шаардлагатай. Улс төрийн тогтвортой байдал бидэнд л ашигтай. Бусад бизнесийн холбоод ч энэ байр суурийг илэрхийлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол эмх замбараагүй байдалд уриалсан зүйл биш. Харин улс төрчдөд эв нэгдэлтэй байж, ард түмнээ бодох уриалга юм" гэлээ.