Өвөрхангай аймагт осолдсон иргэдийг Агаараас эрэн хайх тусгай баг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ

Өвөрхангай аймагт осолдсон иргэдийг Агаараас эрэн хайх тусгай баг тээвэрлэн ГССҮТ-д хүргэжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангитай хамтран орон нутагт осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, нисдэг тэргээр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад тээвэрлэн хүргэх, эмч сувилагчийг ажлын байран дээр сургаж чадавхижуулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж буй билээ.

Энэ хүрээнд өнгөрөгч өдрүүдэд Өвөрхангай аймагт осолдсон иргэдийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн тусгай баг нийт гурван удаагийн нислэгээр тээвэрлэн авчирсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасаг, Хавсарсан гэмтлийн мэс заслын тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн эрүүл мэнд, амь насыг нь аварсан байна.

2019 оноос эхлэн тус төвтэй хамтран ажиллаж буй Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн хувьд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасагт тусгай багийн эмч, сувилагч нарыг тодорхой хугацаанд сургаж дадлагажуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэргээр мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлж байгаа юм гэж ГССҮТ-өөс мэдээллээ.