Цаг минутаар хэмжигдэж байсан амь насыг нь аварсанд талархал илэрхийлжээ

Цаг минутаар хэмжигдэж байсан амь насыг нь аварсанд талархал илэрхийлжээ

Өнгөрсөн 04 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган суманд авто тээврийн осолд орж аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан Ховд аймгийн Булган сум дундын цагдаагийн хэлтсийн хошууч М.Анхбаярын биеийн байдал дээрдэхгүй, цаг алдалгүй Улаанбаатар хот хүргэх яаралтай шаардлагатай байсан тул ар гэрийнхэн нь Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэнд онгоцоор Улаанбаатар хот хүргүүлэх хүсэлт тавьжээ.

Улмаар бригадын генерал Ж.Бямбасүрэн хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөөр өвчтөн Улаанбаатар хотод ирж цаг алдалгүй түргэн шуурхай эмчилгээнд орж өнөөдрийн байдлаар нийт долоон удаа хагалгаанд орсны дараа эрүүл саруул болсноо илэрхийлэн ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагчид гэргий Ховд аймгийн Булган сумын нисэх буудалд аюулгүй байдлын шалгагч Р.Сувд-Эрдэнийн хамт ирж чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Ташрамд сонирхуулахад, 2020 онд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчийн хүү Б.Төгсжавхланд тохиолдсон гэнэтийн явдалд бригадын генерал Ж.Бямбасүрэн Хилийн цэргийн командлагчаар ажиллаж ахуй үедээ онгоцоор тусалж амь насыг нь аварч байсан юм.