МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батжаргалыг хүлээн зөвшөөрч, албажуулах уу

МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батжаргалыг хүлээн зөвшөөрч, албажуулах уу

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.10.24/ үдээс хойшхи хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Надад хоёр бичиг ирсэн. Нэг нь Жадамбын Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөх тухай нөгөө нь Жигжидийн Батжаргалыг МАН-ын бүлгийн даргаар сонгосугай гэсэн хоёр бичиг. Хоёулан дээр нь 36 гишүүн гарын үсэг зурсан байна. Тэгэхээр даваа гарагт бүлгийн хурал болох ёстой. Би энэ бичгийг өнөөдөр танилцуулахгүй. Та бүхэн бүлгээ хуралдуулаад хоорондоо ярилцаж бүлгийн даргаа сонгоод хүрээд ирээ. Тэр үед уншиж танилцуулахад бэлэн байна" гэсэн. 

Энэ дагуу өнөөдөр /2025.10.27/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Ж.Батжаргалыг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх, албажуулах эсэх асуудлыг хэлэлцэх үү гэдэг хүлээлт байна. Улс төрийн нөхцөл байдал хүндэрч, эрх баригч намын гишүүд УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнээ даган хоёр хуваагдах мөчид МАН-ын бүлгийн 68 гишүүний 37 нь хуралдаж бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж түүний оронд Ж.Батжаргалыг сонгосон. Тэд үүнийгээ олонхийн шийдвэр хэмээн тайлбарлаж буй ч 31 нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар байна. Бүр тус, тусдаа хуралдаж нэгнийхээ зохион байгуулсан хуралд ч оролцохоо больсон. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Бат-Эрдэнэ нь бүлгийн даргын тамга, өрөөгөө хүлээлгэж өгөхгүй байгаа гэдэг. Энэ тохиолдолд МАН-ын хоёр хуваагдсан бүлгийн  алиных нь ч шийдвэрийг хүчин төгөлдөр гэхэд хэцүү бөгөөд үндсэндээ МАН-ын УИХ дахь ажил нь гацаанд ороод байгаа юм. МАН-ын бүлгийн даргыг албажуулахгүйгээр УИХ-ын даргыг тодруулах ажил эрх баригч нам дотор явахгүй. Учир нь УИХ-ын даргыг бүлгээс сонгодог билээ. Тэгэхээр УИХ-ын даргаа сонгохын тулд үүнийг хийхээс өөр аргагүй байгаа юм. Одоо дээрх хоёр хүний аль нэгийг албажуулж, хүлээн зөвшөөрүүлэх зайлшгүй шаардлага бий.