Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханыг томилохоор болжээ

Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор БЗД-ийн Засаг дарга Г.Жаргалсайханыг томилохоор болжээ

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, хууль хяналтын байгууллагад шалгуулахаа 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд мэдэгдсэн. Үүнээс хойш түүний оронд хэн томилогдох вэ гэх асуулт анхаарал татсаар байна.

Учир нь Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан компани нь нийслэлийн томоохон тендерүүдэд оролцсон. Мөн Т.Даваадалай нь 7 орчим тэрбум төгрөг угаасан байж болзошгүй асуудал олон нийтэд мэдээлэгдээд буй. АТГ-аас түүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч нь нийслэлийн эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бодлогыг хариуцдаг. Иймд Хотын дарга Х.Нямбаатар өөрийн бүрэн эрхийн хүрээнд НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатыг уг албан тушаалд санал болгосон, улмаар АТГ-аас түүнийг уг албан тушаалд томилоход "ашиг сонирхолын зөрчилгүй" гэсэн бичиг нь ирээд байхад нь Ерөнхий сайд Н.Учрал "Б.Мөнхбатыг дэмжээгүй" гэх мэдээлэл бий.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор А.Амартүвшин, Нийгмийн бодлого хариуцсан хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайхан нарыг томилохоор болжээ. А.Амартүвшиний хувьд 2024 оны аравдугаар сараас хойш Хотын дарга Х.Нямбаатарын хоёрдугаар орлогчоор ажиллаж буй.

Эдгээр томилгооны цаад улс төрийн зураглалыг ажиглавал, нийслэлийн удирдлагын түвшинд фракц хоорондын шинэ тохироо хийгдсэн байж болзошгүй дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатар өөрийн улс төрийн хүрээллийн хүн гэгддэг Б.Мөнхбатыг санал болгосон ч энэ нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралаас дэмжлэг аваагүй. Харин үүний оронд Ерөнхий сайд Н.Учралын нөлөө бүхий хүрээлэлтэй ойр хүмүүсийн нэрс яригдаж эхэлсэн нь анхаарал татаж байна.

Нөгөө талаас, Х.Нямбаатар нэгдүгээр орлогчийн суудлыг шууд Ерөнхий сайдын талд шилжүүлэхээс илүүтэйгээр өөрийн багт ажиллаж байсан А.Амартүвшинийг дэвшүүлэх хувилбарыг сонгосон байгаа нь харагдаж байна.

Сануулахад, НИТХ-ын дарга Д.Ихбаяр нь Их Засаг Олон Улсын Их Сургуулиас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учралтай улс төрийн хувьд ойр харилцаатай гэгддэг. Мөн Н.Учралын бага насны найз ч гэж яригддаг. Харин өмнөх дарга А.Баярыг чөлөөлж, Д.Ихбаярыг томилоход хотын дарга Х.Нямбаатарын оролцоо их байсан билээ.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр бич өдөр

1 хоногийн өмнө