Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өчигдөр (2025.09.23)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно болж, “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай хэлэлцэв.
“Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хийлээ. Монгол Улс тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой, Улсын Их Хурлын тогтоолыг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх шаардлагатай гэсэн хоёр үндэслэлээр хориг тавьсан гэдгийг тэрбээр дурдав. Тогтоолын 1.5 дахь заалтад алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, яаралтай өргөн мэдүүлэхээр тусгасан нь улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл бүрдүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ. Мөн тогтоолын 3 дугаар зүйлд “Энэ тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” хэмээн заасан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулсан байна гэж хоригийн үндэслэлд дурдсан байна.
Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал дараа нь танилцуулсан юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч буй алтны үндсэн ордуудтай холбогдох эдийн засгийн тооцоолол болон байгаль орчинд учруулах хор хохирол, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн эсэх, мөн алтны ордуудын нөөцийг нэмэгдүүлэх эрх зүйн орчны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан тусгай хамгаалалттай газар нутагт алт олборлох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо, судалгаа хийгдсэн эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн нар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн нэмэгдүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэх асуудлаар хориг тавьсан зүйл, заалт бүрээр санал хураалт явуулахад тогтоолын 1.5 дахь заалтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь үзсэн бол тогтоолын 3 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж 95 хувь нь үзжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа. Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн хоригийн хууль зүйн үндэслэл, эдийн засгийн тооцоо, судалгаа, Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацаа, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зааг зэрэг асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Г.Уянгахишиг, О.Алтангэрэл, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Д.Цогтбаатар нар үг хэлжээ. Санал хураалт явуулахад тогтоолын 1.5 дахь заалт болон 3 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь үзсэн байна.
Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Ж.Батжаргал, П.Сайнзориг, Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Х.Ганхуяг нарын 19 гишүүн асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх, хилийн зааг, цэг гортигийг тодорхой тогтоох, хамгаалалт, түүний дүрэм журам, менежментийг сайжруулах, мөн уул уурхайн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаанаас тухайн сум, орон нутагт орох үр өгөөжийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийг чанаржуулж, доройтлыг бууруулах зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан зарим асуудлыг яаралтай горимоор Улсын Их Хуралд оруулж ирж, гишүүдийн анхаарал сарнисан болон ирц бүрдээгүй байх үед унасан саналуудыг босгох зэргээр хууль гаргаж, нийтийн эрх ашгийн эсрэг чиглэсэн шийдвэр гаргуулдаг явдлыг таслан зогсоох ёстой гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг өмнө гаргасан Улсын Их Хурлын 2020 оны 46, 47 дугаар тогтоолуудын хэрэгжилт, түүний хяналтыг эрчимжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир алт олборлолтыг сайжруулж, улсын хилээр хууль бусаар алт гаргаж байгааг зогсоох шаардлагатай гэв. Тэрбээр, дархан цаазтай, төрийн тахилгатай, тусгай хамгаалалттай газарт олборлолт явуулах үүд хаалгыг нэг нээчихвэл цаашид Бурхан халдун, Отгонтэнгэрийг ч ухаж мэдэх эрх зүйн гарцыг нээх эрсдэлтэйг сануулж, өв соёл, эх түүхээ хамгаалах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг алтны олборлолт гадаад валютын нөөц бүрдүүлэх, төгрөгийн ханшийг унагахгүй байхад тодорхой үүрэгтэйгээс бус улсын төсөвт нөлөө багатай гэдгийг танилцуулж, тогтоолын 3 дугаар зүйлд тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн санал дүгнэлтийг Байнгын хорооноос гаргасан нь энэ оны долдугаар сард хийсэн төсвийн тодотголыг хүчин төгөлдөр байлгахтай холбоотой гэсэн тайлбар хийсэн юм. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хаврын чуулганы хаалтын үеэр тогтоолыг хэлэлцэн батлахад эсэргүүцсэн боловч дийлээгүйгээ учирлаж, өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй алтны 84 томоохон ордод 230 гаруй тонны нөөц байгаа гэдгийг мэдээлэв. Мөн Монгол Улсын газар нутгийн 21 хувийг улсын тусгай хамгаалалтад аваад байгаа бөгөөд манай улс 2022 онд Дэлхийн биологийн олон янз байдлын Күньмин-Монреалийн 30/30 санаачилгад нэгдэн орж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нийт нутаг дэвсгэрийнхээ 30 хувьд хүргэх үүрэг хүлээснийг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр өмнөх 1, 2 дугаар хөтөлбөрүүдийг хэрэгжилт, үр дүн, тайланг хэлэлцэж дүгнэхгүйгээр дараагийн хөтөлбөрийг эхлүүлэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нийт нутаг дэвсгэрийн 21 хувь байгаа ч гэлээ Газрын тухай хуульд заасан бусад ангиллын буюу орон нутгийн, улсын хилийн, батлан хамгаалах зориулалттай, отрын, бэлчээрийн зэрэг бүхий л тусгай хэрэгцээний газруудаа нэмбэл нийт нутаг дэвсгэрийн 74 хувийг ашигт малтмалын чиглэлээр ашиглах боломжгүй болгосон байгааг эргэж харах шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулт өгөхдөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, зөвлөх Г.Ганболд нар Улсын Их Хурлын тогтоолын 1.5 дахь заалтад Эрээнбаавгайт, Гацуурт, Гутайн даваа зэрэг тодорхой орд газруудыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлж ашиглах асуудал хөндөгдсөн гэж үзэх үндэстэйг дурдаж, уг тогтоолыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан нь Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг зөрчих шинжийг агуулж байгааг тодорхой тайлбарласан юм.