“Монполимет” группийн данс одоо хүртэл нээгдээгүй гэв

“Монполимет” группийн данс одоо хүртэл нээгдээгүй гэв

Ерөнхий сайд Н.Учрал татварын өрийн улмаас хаагдсан 12,100 аж ахуйн нэгжийн дансыг нэг сарын хугацаатай нээх 01 тоот албан даалгаврыг гаргасан. Уг шийдвэр энэ сарын 6-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд дансууд нээгдсэнээр компаниуд орлого хүлээн авахын зэрэгцээ зарлага гаргах боломжтой болохыг мэдэгдсэн юм. Гэвч энэхүү шийдвэр бодит байдал дээр бүрэн хэрэгжихгүй байгаа талаар Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан мэдэгджээ.

Тэрбээр “Дансаа нээлгэе” хэмээн цахим хуудаснаа өмнө нь байр сууриа илэрхийлж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар өөрийн компанийн хоёр данс нээгдээгүй хэвээр байгааг дахин онцолжээ. Тодруулбал, “Манай хоёр данс одоо болтол нээгдээгүй байна. Харин эсрэгээрээ дансан дахь мөнгө аль хэдийн албадан татагдсан. Нээгээд ч нэмэр алга. Гаалиас нэг сарын хугацаанд данс нээнэ гэсэн ч төлбөр тооцоогоо бүрэн дуусгах шаардлага тавьсан” хэмээн бичсэн байна. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд тухайн салбарын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх заалт хэрэгжихгүй байгааг шүүмжилж, “Газрын тос боловсруулах болон хөдөө аж ахуйн салбарууд ийм төрлийн хөнгөлөлтийг түрүүлж эдэлдэг. Хуулийг ингэж ялгавартай хэрэгжүүлж болох уу” хэмээсэн байна.