“Хөөрхөн халиун” дууг монгол хүн шиг л дуулж буй Америк хүний бичлэг олны анхаарлыг татсан. Тухайн бичлэгт гарсан хүн бол АНУ-ын Корнелийн их сургуулийн профессор, Б.Шарав судлаач Л.Жозеф гэх хүн байсан юм. Түүний хувьд одоогоор Америкт амьдарч байгаа ч Монголд байнга ирдэг. Монголд ирэхэд эх орондоо ирж байгаа юм шиг л санагддаг хэмээн бидэнд ярьсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Та юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би АНУ-ын Нью-Йорк хотоос ирсэн. Удирдаач болон хөгжим судлаач мэргэжилтэй. Одоогоор Корнелийн их сургуулийн багш, найрал дууны танхимын даргаар ажилладаг.
-Монголд анх хэзээ ирж байсан бэ. Мөн Монгол хэлийг энэ түвшинд сурахад хэдэн жил зарцуулав?
-Анх 2012 онд Монголд ирсэн. Тэгээд 2017 он хүртэл Монголд байсан. Тэр хугацаанд дандаа Монгол хэлний хичээлд явдаг байлаа. Одоо хүртэл Монгол хэлний хичээлд явдаг. Гэхдээ хөдөө очсон гадаад хүмүүс монгол хэл сурахад илүү амар байж магадгүй. Учир нь Улаанбаатарт бараг хүн бүр англи хэлтэй. Тийм учраас ажлынхаа дараа заавал монгол хэлний хичээлд суудаг. Бас монгол ном их уншдаг. Монгол уран зохиолын номонд үнэхээр дуртай.
-Таны хувьд монгол соёлыг нэлээд судалдаг юм байна. Монгол өв уламжлал, соёлын юу нь танд сайхан санагддаг вэ?
-Олон юм байгаа л даа. Морин хуур гоё юм байна гээд морин хуур тоглож сурсан. Монгол хөгжмийг судалдаг. Ер нь аливаа монгол хөгжмийг судлахад заавал монгол хэл, соёлыг судалсан байх ёстой гэж боддог. Мэдэхгүй бол “Сэрсэн тал” ямар утга учиргүй, Б.Шарав гуайн хөгжимдөө оруулсан морин төвөргөөн, хэмнэл тэр бүгдийг мэдрэх, ойлгох боломжгүй байдаг.
-Энэ бүгдийг судалж байхад монголчууд өөрсдөө анзаардаггүй хэрнээ гадаад улсын иргэн таны нүдэнд их сонирхолтой санагдсан зүйл бий болов уу?
-Зөндөө байдаг. Нэг жишээ авбал дуулахаас гадна дуу гаргах ёс байдаг шүү дээ. Жишээлбэл ботго авхуулах зан үйл буюу хөөслөх, гийнгоолох зэргээр нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой дуу гаргах зан үйл үнэхээр сонирхолтой санагддаг. Манай улсад тийм зүйл байхгүй шүү дээ.
-Таны хувьд Хөгжмийн зохиолч Б.Шарав судлаач хүн. Энэ судалгаа хаанаас, хэрхэн эхэлсэн бэ?
-Эхнээс нь яривал 2012 онд Монголд ирээд удаагүй байхдаа морин хуур сурсан. Морин хууран дээр анх сурсан дуу маань Сэтгэлийн эгшиг байсан. Тэр үед Монголд дасахын хамгийн хэцүү үе маань байсан учраас морин хууран дээрээ Сэтгэлийн эгшигийг татаж тайтгардаг байлаа.
Гэхдээ тэр үед сэтгэлийн эгшгийг хэн бичсэнийг бараг анзаараагүй байх. Яваандаа Б.Шарав гуайн хэд хэдэн аяыг сураад, энэ ёстой агуу хөгжмийн зохиолч юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээд сүүлд 2019 онд докторын зэрэгт хамгаалахдаа эрдэм шинжилгээний ажлаараа юуг бичих вэ гэж бодож эхэлсэн юм. Тэр үед Монголд буцаж ирээд олон зүйл харсан л даа. Тэгээд Б.Шарав гуайн хоор болон найрал хөгжимд зориулж бичсэн хөгжмүүд миний сонирхлыг их татсан. Надад бүр үнэхээр гоё санагдаж байсан. Үнэхээр агуу шүү дээ. Сонин, сонирхолтой, содон зүйл олон байдаг. Тэр үеэс хойш л судлах ёстой хөгжмийн зохиолч юм байна гэж бодоод насаараа судалъя гэсэн өөртөө тангараг өгсөн дөө.
-Гадаад хүний нүдээр харахад монгол хөгжим, монгол аяс юугаараа өөр санагддаг бол?
-Нэг үгээр тайлбарлаж чадахгүй байх. Монгол хөгжим үнэхээр агуу шүү дээ. Морин хуур гоё. Уртын дуу гоё. Тийм зүйл манай улсад байхгүй л дээ. Би Корнелийн их сургуульдаа бүтэн нэг сарыг “Монгол хөгжмийн сар” болгосон юм. Тэр үед нэг морин хуурч, нэг уртын дууч, нэг хөөмийчийг урьж тоглуулсан. Тэгэхэд ялангуяа тэр уртын дуучныг манай хүүхдүүд үнэхээр гайхсан. “Энэ хүн энэ дууг яаж гаргаж байгаа вэ” гээд л үнэхээр гайхсан. Яг л нөгөө Монголын уудам, уужуу тал нутгийг санагдуулам байдаг даа.
-Монгол залуучууд мэдээж үндэсний өв, соёлоо дээдэлдэг л дээ. Гэхдээ орчин үеэ дагаад уртын дуу ч юм уу, хөөмий ч юм уу бага зэргийн мартагдаж байгаа зүйл танд ажиглагдсан уу?
-Ажиглагдаж байгаа. Гэхдээ аливаа улс орон бүр энэ замыг туулж байгаа шүү дээ. Монгол хүн хөгжихдөө Монголоороо л хөгжих хэрэгтэй. Гэхдээ зарим залуучууд электро хөгжмийг уртын дууны хэлбэрт оруулах, эсвэл морин хуурын татлагын нэг хэсгийг оруулдаг ч юм уу орчин үеийн хөгжмийг монголын стилтэй болгож гоё зүйлс бүтээж байна. Тийм зүйлс бүр олон байгаасай гэж боддог.
-Монгол Улсын юу нь таны сэтгэлийг тэгж их татдаг бол?
-Надад сайхан монгол найзууд байхгүй байсан бол ингэж олон жилийг Монголд өнгөрөөхгүй байсан байх. Миний монгол найзууд үнэхээр гоё хүмүүс байдаг. Тэр ч утгаараа өөрийгөө их азтай хүн гэж боддог.
-Таны монгол дуу дуулж байгаа бичлэгийг олон хүн үзсэн л дээ. Их ч сэтгэгдэл үлдээсэн байсан. Та тэр бүхнийг харсан уу. Танд ямар санагдсан бэ?
-Хальт харсан. Угаасаа урлагийн хүмүүс сэтгэгдэл нэг их хардаггүй. Шүүмжилсэн хүмүүс ч байгаа. Таалагдсан хүмүүс ч байгаа шүү дээ.
-Та ямар монгол дуунд дуртай вэ?
-Хөөрхөн халиун. Энэ дуу миний яг анх заалгасан дуу байхгүй юу. Найзууд маань караокед ороод “энэ ёстой гоё дуу. Сурах хэрэгтэй” гэж хэлсэн. Тэгээд сурсан юм. Ер нь дуунууд сураад л явж байгаа. Монгол дууны аялгуу нь маш их таалагддаг. Яалт ч үгүй уужуу сэтгэлгээ, уужим зүйл байдаг. Ерөөсөө л дуунаас нь тал газар, гоё байгаль төсөөлөгддөг.
-Цаашид таны судлахаар төлөвлөж байгаа зүйл бий болов уу?
-Байгаа. Би шат шатаар өгсөж явж байгаа л даа. Дараагийн шат бол Б.Шарав гуайн нэгдүгээр симфони. Түүнийг сонирхож байгаа. Одоо өвөл буцна. Энд олон олон нийтлэл, анализ бичихийг зорьж байгаа.