Л.Гантөмөрийг чөлөөлөх хурал энэ сард товлогдож, Ц.Тувааныг АН-ын дарга болгохоор С.Эрдэнийн замын зардлыг дааж АНУ-аас Монголд ирүүлжээ

Л.Гантөмөрийг чөлөөлөх хурал энэ сард товлогдож, Ц.Тувааныг АН-ын дарга болгохоор С.Эрдэнийн замын зардлыг дааж АНУ-аас Монголд ирүүлжээ

МАН-ын бага хурал өнгөрөгч тавдугаар сар /2025.05/-д хуралдаж, "хамтарсан Засгийн газраас АН-ыг хасах" шийдвэрийг гаргасан. Иймд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ "хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх" эсэх асуудлыг УИХ-д оруулсан ч "дэмжээгүй" тул огцорсон. 

Харин үүний дараа АН-ын Улс төрийн зөвлөл хуралдах үеэр Л.Гантөмөр, "намын даргын албан тушаалаа өгөх хүсэлтэй байна" гэдгээ илэрхийлсэн байдаг. Харин энэ үеэр нь Л.Гантөмөрөөс АН-ын даргаас чөлөөлөгдөх албан ёсны өргөдлийг гаргуулж аваагүй байгаа юм. 

Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ сарын 25 /2025.08.25/ -ны өдөр хуралдах албан бус тов гараад байгаа аж. 

Харин удахгүй болох ҮБХ-ны хурлаар Л.Гантөмөрийг АН-ын даргын албан тушаалаас нь чөлөөлж, намын дараагийн даргаа хэрхэн тодруулах шийдлээ тогтох ажээ. Тодруулбал, АН-ын даргад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, Ц.Туваан, С.Эрдэнэболд нар яригдаж байна. 

Тэгвэл О.Цогтгэрэл ҮБХ-ны хурлаас АН-ын даргыг тодруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол О.Алтангэрэл АН-ын Их хурлаас, Ц.Туваан АН-ын нийт гишүүдийн дунд сонгууль явуулж тодруулах ёстой гэсэн байртай байгаа аж. Товчхондоо,  АН-ын даргад өрсөлдөж буй энэхүү гурван эрхэм өөрсдийн ялах магадлалтай хувилбаруудыг дэвшүүлж байгаа гэсэн үг. Харин АН-ын даргыг сонгох эцсийн шийдвэрийг ҮБХ-ны гишүүдийн олонх гаргана.

Иймд Багануур дүүргийн ойролцоо байх нэгэн амралтын газар АН-ын Дүрмийн хорооны гишүүд хаалттай орчинд хуралдаж, намын дүрмийнхээ нэмэлт өөрчлөлтийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэх гэж байгаа юм байна. Энэхүү дүрмийг төслийг Э.Одбаяр гардан хийж байгаа гэсэн яриа ч гарчээ. 

Улмаар АН-ын нийт гишүүдийн дунд сонгууль явуулж Ц.Тувааныг намын дарга болгох ажилд гар, бие оролцуулахаар С.Эрдэнийн замын зардлыг Э.Одбаяр хариуцан АНУ-аас урин, залан монголд ирүүлээд байгаа аж. Учир нь С.Эрдэнэ Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд түүнд Баянгол дүүргийн АН-ын гишүүд гээд саналын тодорхой "багц" байгаа гэж Ц.Туваан тооцсон байж магадгүй юм. Харин АН-ын даргыг намын Их хурлаас тодруулах ёстой байр суурьтай байгаа О.Алтангэрэлийн ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар ажиллаж, түүнийг АН-ын даргад зүтгүүлж байгаа ажээ.