Бусдыг заналхийлсэн хэргээр Тагнуулд шалгагдаж буй Г.Ганхуягт сайд Н.Учрал "Гомдолгүй" гэсэн бөгөөд түүний эзэмшилд байдаг буунуудыг хураан авчээ

Бусдыг заналхийлсэн хэргээр Тагнуулд шалгагдаж буй Г.Ганхуягт сайд Н.Учрал "Гомдолгүй" гэсэн бөгөөд түүний эзэмшилд байдаг буунуудыг хураан авчээ

Улсын харцага Г.Ганхуягийг "Бусдыг заналхийлсэн" гэх хэрэгт буруутгаж, Тагнуулын байгууллагаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12 /2025.04.12/-ны  өдөр хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байдаг.

Улмаар түүнийг нэг сар гаруй хугацаатайгаар цагдан хорьж байгаад таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн юм. Тэгвэл дээрх хэрэгтэй холбоотойгоор Г.Ганхуягийн эзэмшилд байсан зөвшөөрөлтэй буунуудыг хуулийн байгууллагаас хураан авсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Ганхуягийн заналхийлсэн гэгдэж байсан УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учрал түүнд "Гомдолгүй" хэмээн хуулийн байгууллагад мэдүүлээд байгаа аж.  Уг хэргийг шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа юм байна. Г.Ганхуягийг Эрүүгийн хуулийн 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах", мөн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болох "Заналхийлэх" гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл бий. 

Эргэн сануулахад,  Г.Ганхуяг нь өөрийн цахим хуудаснаа буутай зургаа нийтэлж, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг н.Учрал, н.Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэнд ч хэрэггүй нууц төлөвлөгөө боловсруулж байгаад эх орноо зарсан, эх орноосоо урвасан, уран сурталчилсан, ураны хуулийг батлалцсан хэдэн мөнгөний боолуудыг амжиж хороочихоод бахархалтайгаар инээж үхнэ. Хэн үхэх ялтай вэ" гэх пост оруулсан байдаг.