СЭМҮТ-ийн эмч нар сэтгэц, мэдрэл, донтолтын чиглэлээр орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт орж байна

СЭМҮТ-ийн эмч нар сэтгэц, мэдрэл, донтолтын чиглэлээр орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт орж байна

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй болгох зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр “Сэтгэц, мэдрэл, донтолт (СМД)-ын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” сургалтыг зохион байгуулж байна.

2022 оноос эхлэн хэрэгжиж буй энэхүү сургалт нь анхан болон үндсэн шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулагдсан юм. Энэ удаагийн сургалт Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлсэн бөгөөд сургалтыг СЭМҮТ-ийн Сэтгэц-Нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал, Анагаах ухааны доктор Н.Алтанзул, албаны ахлах мэргэжилтэн, сэтгэцийн эмч Е.Гүлжанат болон бусад эмч, мэргэжилтнүүд удирдан явуулж байна.

Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэгийн улмаас тусламж үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч энэ чиглэлийн хүний нөөц хомсдолтой, мөн сэтгэцийн эмч нарын 60 орчим хувь нь СЭМҮТ-д ажилладгаас Улаанбаатар хотод төвлөрөл үүсдэг. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймаг, сум, дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийг оношлох, эмчлэх, хянах чадварт сургаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 800 орчим эмч, мэргэжилтнүүд энэхүү сургалтад хамрагдаад байгаа нь сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг бүх шатны эмнэлгийн үйлчилгээнд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байна.