ЦУОШГ-ын дарга Э.Баттулга: Төсвийн тодотголоор цомхотгосон 171 алба хаагчийн 63 нь удирдах албан тушаалтан байсан

ЦУОШГ-ын дарга Э.Баттулга: Төсвийн тодотголоор цомхотгосон 171 алба хаагчийн 63 нь удирдах албан тушаалтан байсан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр цаг уурын ажилтнуудыг цомхотгосон асуудлаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цаг уур, орчны шинжилгээний газар Монгол улсын 21 аймаг 318 сум, суурин газарт салбар нэгжтэй. Нийтдээ 1.893 албан хаагчтай. Монгол Улсын Их хурлаас 2025 оны төсөвт тодотгол хийхдээ орон тоо, цалингийн санг 9 хувь цомхотгосон. Манай салбарын энэ оны батлагдсан төсөв 80.4 тэрбум төгрөг байсан бол 74.3 тэрбум төгрөг болсон. Ингэснээр 1.893 албан хаагчийг 171-ээр цөөрүүлсэн. Орон тоо, бүтцийн өөрчлөлтийг хийхдээ хэд хэдэн шалгуурыг тавьсан. Бүтцийн өөрчлөлтийг хийхдээ 21 аймгийн төвийн удирдлагаас санал авсан. Орон тоог цомхотгохдоо цаг уурын өртөө харуул буюу анхан шатны нэгж рүү ороогүй. Удирдах албан тушаалтны тоог цөөлсөн. Нэг төв гурван хэлтсийн даргатай байсныг цомхотгосон. Ингэснээр нийт цомхотгосон 171 алба хаагчийн 63 нь удирдах албан тушаалтан байсан гэсэн үг. Мөн бүх төвийн бүтцийг 21 аймгийн бүх хүний нөөц, бичиг хэрэг гэх хоёр албан тушаалыг нэгтгэсэн. Ус цаг уур орчны шинжилгээний газрын дэргэд байгаль орчин хэмжил зүйн лаборатори ажилладаг. Тус лабораторийн гурван хүний орон тоонд өөрчлөлт ороогүй. Цаашид манай салбар олон улсын жишигт шилжиж хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нутагшуулна. Энэ онд 17 автомат харуултай болно. Чөлөөлөгдөж байгаа албан хаагчдыг салбартаа хөрвөж ажиллах боломжийг бүрдүүлнэ. Товчхондоо 21 аймгийн бүтэц, орон тоо, хүний нөөц яг ижил болсон” гэв.